
Өмнөд Солонгосын Пусан хотын аялал жуулчлалын шинэ үзмэр болсон “Букканги” хочит акул далайн усны температур буурсантай холбоотойгоор гүн рүү шилжсэн байж болзошгүй байна.
Пусан хотын усан сувагт гэнэт гарч ирсэн гурван метр орчим урт акул тус улсын цахим орчинд жинхэнэ шуугиан тарьж, хотын аялал жуулчлалын шинэ үзмэр болжээ. Түүнийг харахаар нийт нэг сая гаруй хүн цугларч байсан.
Есдүгээр сарын 18-ны өглөө Пусан хотын North Port Waterfront Park-ын усан сувагт анх үзэгдсэн уг акул далайтай холбогддог нарийн сувагт орж улмаар буцаж гарч чадалгүй, усан дотор тойрон сэлж байсан нь иргэдийн анхаарлыг татсан байна.
Нутгийн иргэд уг акулыг “Букканги” хэмээн хочилжээ. Акулыг анх харсан даруйд нь хүмүүс олноороо цугларч, эхний амралтын өдрүүдэд л 20 мянга орчим хүн үзэхээр ирсэн байна.
Үүний дараа жуулчдын урсгал эрс нэмэгдэж, Чүсокийн баярын дөрвөн өдрийн хугацаанд 480 мянган хүн тус паркаар үйлчлүүлжээ. Харин аравдугаар сарын 5-ны байдлаар акулыг харахаар ирсэн нийт зочдын тоо 1.02 саяд хүрсэн талаар Пусан хотын захиргаа мэдээлсэн байна.
Акулыг далай руу буцаахын тулд Пусан хотын захиргаа болон Далайн эргийн хамгаалалтын алба хэд хэдэн удаа аврах ажиллагаа зохион байгуулжээ. Таван завь ашиглан чиглүүлэх, ус шүрших, тусгай тороор гарц руу нь хөтлөх зэрэг оролдлого хийсэн ч амжилт олоогүй байна.
Харин аравдугаар сарын 23-наас эхлэн акул харагдахаа больжээ. Аравдугаар сарын 24-нд Хойд боомтын олон улсын зорчигч тээврийн терминалын орчимд дахин ажиглагдсан боловч аравдугаар сарын 27-ноос хойш судлаачид олж хараагүй тул өдөр тутмын эрэл, ажиглалтаа зогсоосон байна.
Одоогоор акул далайд бүрэн гарсан эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Энэхүү үйл явдал зөвхөн аялал жуулчлалын сонирхолтой үзэгдэл төдийгүй далайн экосистемийн өөрчлөлтийн талаар анхаарал татах сэдэв болжээ. Мэргэжилтнүүд далайн усны температур нэмэгдэж, загасны тархац өөрчлөгдөж байгаа нь акул зэрэг далайн амьтдын ажиглагдах давтамжид нөлөөлж болзошгүйг онцолсон байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.