Тээврийн зардал хоёр дахин өслөө, Засгийн газар ажлаа хийнэ үү!
 

Тээврийн зардал хоёр дахин өслөө, Засгийн газар ажлаа хийнэ үү!

Хилийн оочир, шатахууны хязгаарлалт, тээврийн үнийн огцом өсөлт. БНХАУ-аас бараа татдаг худалдаа эрхлэгчид, жижиг бизнесүүдийн нуруунд ирж буй ачааллыг эцсийн дүндээ хэрэглэгчид үүрч байна. Харин үнийн өсөлтийн шалтгаан, үнэ бүрдэлтийн зарчим, хяналт хариуцлагын асуудал тодорхойгүй хэвээр.

Монгол Улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт гадаад зах зээл, ялангуяа БНХАУ-аас ихээхэн хамааралтай. Өдөр тутмын хэрэглээнээс эхлээд хувцас, ахуйн бараа, барилгын материал хүртэлх олон төрлийн бүтээгдэхүүний татан авалтад Замын-Үүд-Эрээн чиглэлийн тээвэр чухал байр суурь эзэлдэг. Гэтэл энэ урсгалд саатал үүсэх бүрд барааны үнэ өсөж, тээврийн зардал нэмэгдэх бүрд хэрэглэгчдийн халаас нимгэрдэг тогтолцоо дахин давтагдсаар л.

Энэ оны аравдугаар сард Замын-Үүд-Эрээн чиглэлийн ачаа тээврийн үнэ огцом өсөж, худалдаа эрхлэгчид болон иргэдэд санхүүгийн дарамт учирч буй талаар мэдээллүүд гарлаа. Хятадын үндэсний баярын амралтаар аравдугаар сарын 1-7-нд боомтууд түр хаагдсаны дараа ачаа бөөгнөрч, автомашинууд хил нэвтрэхээр олон хоног дараалалд зогсох нөхцөл үүсжээ.

НЭГ САРЫН ДОТОР ТЭЭВРИЙН ЗАРДАЛ ХОЁР ДАХИН ӨСӨВ

Ачааны машин тээврийн хөлс өмнө нь 8.500-9.000 юанийн үнэтэй байсан бол өнөөдөр 13 метрийн ачааны машины тээврийн хөлс 13,000–14,000 юаньд хүрчээ. Харин 17.5 метрийн урттай том оврын машины тээврийн үнэ 10,000 юаниас 22,000 юань болж нэмэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, эхний ангиллын автомашины тээврийн хөлс ойролцоогоор 44-65 хувиар, том оврын автомашиных 120 хувиар өссөн гэсэн үг. Мөн иргэдийн ярьснаар, өмнө нь 25 мянган төгрөгөөр тээвэрлүүлдэг байсан ачааны хөлс 55 мянга, 100 мянган төгрөгийн үнэтэй байсан ачааны тээвэр 223 мянган төгрөг болж нэмэгджээ.

Бараагаа урьдчилан захиалж, тээврийн зардлаа тооцон худалдаа эрхэлж байсан жижиг бизнес эрхлэгчид бараагаа хүлээн авах үедээ зардал нь огцом нэмэгдсэн хэмээж байгаа аж.

Аравдугаар сарын 28-ны нөхцөл байдлын талаар Түмэн Тээх компанийн нийтэлсэн мэдээлэлд Эрээн хотод 7,000 гаруй чингэлэг ачилтаа хүлээж, Замын-Үүдээс Эрээн рүү нэвтрэх автомашинууд дунджаар 5-7 хоног оочирлож байгаа талаар дурджээ. Мөн өдөрт 250–300 орчим автомашин татан оруулж байгаа нь бөөгнөрсөн ачааг шуурхай татахад хангалтгүй байгааг мэдээлсэн байна.

Тээврийн үнийг тогтоож, нэгдсэн стандартад оруулах зайлшгүй шаардлагатай нь үүгээр харагдаж байгаа юм. Ингэснээр Монгол Улс өнөөдөр дахин үнийн өсөлттэй нүүр тулах гэж байна. Магадгүй арван нэгдүгээр сараас иргэдийн амьдрал шалдаа буухад хүрлээ. Тэгвэл төр үүнд анхаарч байгаа юу гэвэл үгүй. Тээврийн салбарын хүндрэл зөвхөн иргэнд ч бус төрд хамааралтай. Гэтэл төр үүнийг анхаарахгүй байсаар нөхцөл байдал хүндэрч байна. Тээврийн үнэ огцом өссөн тухай мэдээлэл нэг салбарын түр зуурын хүндрэл мэт харагдаж болох ч бодит хохирол нь их. Бараа татдаг жижиг бизнесүүдийн зардал нэмэгдэнэ. Ашгийн хэмжээ буурна. Зарим нь барааныхаа үнийг өсгөнө, зарим нь захиалгаа цөөрүүлнэ. Үүний дараа хэрэглэгч илүү үнээр худалдан авах, эсвэл хэрэглээгээ танахаас өөр аргагүйд хүрнэ.

Ийнхүү хилийн саатал, тээврийн үнийн өсөлт, зохицуулалтын сул талын өртгийг эдийн засгийн хувьд хамгийн эмзэг бүлэг болох жижиг худалдаа эрхлэгчид, эцсийн хэрэглэгчид үүрч байна. Нөгөө талд төрийн байгууллагуудын үүрэг ч үүгээр дуусах учиргүй.

Б.АМИ

Горьдлого тасарсан ГОРИЛОГЧИД
Горьдлого тасарсан ГОРИЛОГЧИД
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.