Ажлаа хийж чадахгүй байгаа гэх Г.Дамдиннямыг чөлөөлж магадгүй
 

Ажлаа хийж чадахгүй байгаа гэх Г.Дамдиннямыг чөлөөлж магадгүй

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс чөлөөлж магадгүй гэсэн яриа эрх баригч МАН дотор ойр зууртаа сонсогдох болжээ. Энэ намрын бензин шатахууны хомсдолыг өвлийн эхэн сар гартал олигтой шийдэж чадахгүй байгаа түүнийг зөвхөн бензины асуудлаар бус өөр хэд хэдэн чиглэлд хангалтгүй ажилласан гэж үзсэн бололтой. Түүгээр зогсохгүй Г.Дамдинням сайдыг салбар, яамны мэргэжилтнүүддээ зөв үүрэг чиглэл өгч чаддаггүй, яамны ажлаа бодлогын хувьд удирдан зохион байгуулах, ажлаа төлөвлөх хуваарилах тал дээр мэргэжлийн ур чадвар дутмаг байгааг ажлаа авсан өдрөөс нь хойш яамны мэргэжлийн “аппаратууд” голж, шүүмжилж эхэлсэн гэх яриа юм.

Бензин, шатахууны асуудалд тодорхой шийдэл олж чадаагүй

Шатахууны хомсдол нүүрлэх бүрт салбарын сайд Г.Дамдинням, Ерөнхий сайд Н.Учрал хүртэл “Бөмбөрцөгийн бөөр бүрт бөмбөг дэлбэрч, дэлхийн улс төр тогтворгүй байна. Бид гадаад нөхцөл байдлаас шууд шалтгаалсан бензин шатахууны хомсдолоос гарч чадахгүй байна” гэж ам таглах болсон. Үүнийг олон нийт тийм ч дургүй хүлээж аваагүй. Байгаа нөхцөл ийм байхад одоо яаая гэхэв, аль болох хурдтай, зөв ажиллаад бензиний хомсдолоос гаргаж өгөхийг олон нийт жиг жуг гэлцэв. Гэтэл яг үнэндээ Г.Дамдиннямын удирдан зохион байгуулах, менежерийн түвшинд ажил гүйцэтгэх ур чадвар дутагдаад байжээ. Тэрээр, ОХУ руу 5, 6 удаа, БНСУ руу 2 удаа, БНХАУ руу 4-5 удаа, Япон руу 1 удаа явсан ч ихэнхдээ ганзага хоосон буцаж ирсэн. ОХУ-ын хувьд Г.Дамдиннямыг “дипломат түвшний хүн биш” гэж үзэх хандлага илэрсэн гэж “бор шувуу” хүртэл ниссэн. Учир нь бензиний чанарын асуудлыг танай улс дотооддоо голдог гэх яриа бий гэхчлэн ОХУ-ын албан тайлбарт дэндүү ядмаг агуулгатай байр суурь илэрхийлээд амжсан. Тиймдээ ч салбарын сайдын олон удаагийн нислэг ихэнх нь үр дүнгүй болж, одоо хүртэл сард оруулж ирдэг бензиний нөөц тогтвортой түвшинд хүрч чадахгүй байна. Ямар сайндаа Г.Дамдиннямыг бодлогын асуудалд нь оруулж, “ойр зуурын” ажлаас чөлөөлнө гэж кабинетын тэргүүн Н.Учрал хэлсэн. Ингээд Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар татан ажиллуулсан. Энэ бол түүний ур чадвар илт дутагдсанаас үүдсэн томилгоо гэхэд буруудахгүй бөгөөд Г.Дамдиннямын оронд “ажил хийж чаддаг” хүн авчирсан нь хэнд ч илэрхий байв.

“Нөөцийн сав ярьж ам таглаж байсан ч үнэнд гүйцэгдэв”

Монгол Улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр АҮЭБ-ын яам УИХ-ын түвшинд хүртэл шийдвэр гаргуулж, 2024-2028 онд улсын хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгжийн 22 шатахуун агуулах сав барих ажилд шуудран орсон. Гэвч эдгээр агуулах сав барилаа гээд нийлүүлэлтээс шалтгаалсан хомсдол багасахгүй гэж мэргэжлийнхэн дүгнээд буй. Учир нь шатахуун бол ууршдаг бүтээгдэхүүн. Тэгээд ч нөөцийн сав дүүрэхээс өмнө нийлүүлэлтийн эрэлт байнга ийм их байвал хэдэн том сав нэмж бариад ч асуудал дээрдэхгүй. Харамсалтай нь салбар хариуцсан сайд өмнөх 30 жилийн турш Монгол Улс шатахуун хадгалах сав бариагүй нь буруу байсан гэхчлэн өөрөөсөө холдуулж, бусдаас алдаа хайсан байдалтай асуудалд хандаж байв.

Онтрэгийн “гэрэл цохилт”

Стратегийн ач холбогдолтой Оюутолгойн зэс, алтны бүлэг ордын нийт нөөцийн 30 хувийг өнөөдрийг хүртэл Канадын Онтрэ компани эзэмшдэг. Энэ утгаараа Оюутолгойн ногдол ашиг, татвар хураамж зэргийг Онтрэгээс тусад нь тооцож явах ёстой, хуультай. Харин Онтрэ компани өөрийн мэдлийн 30 хувиа сэмхэн Оюутолгойн үндсэн бүрэлдэхүүн рүү шилжүүлж, татвар, АМНАТ зэргээс зугтах гэсэн байж болзошгүй ноцтой үйлдэл гаргасан нь саяхан. Тус компани Татварын ерөнхий газар руу 24,3 тэрбум төгрөг шилжүүлсэн нь баримтаар гарч ирсэн. Энэ нь Онтрэ компани тусгай зөвшөөрлөө шилжүүлж, үүнд нь манай эрх баригчид оролцож байх вий гэсэн хардлага олон нийтэд үүссэн юм. Гэвч Ерөнхий сайд болон салбарын сайд Г.Дамдинням нар уг мэдээллийг эрс няцаасан. Магадгүй Онтрэгийн асуудалд дахиад л Г.Дамдинням сайдын ажилдаа хариуцлагагүй хандсантай холбоотой байж магадгүй аж. Дэлхийн томоохон уул, уурхайн компанитай цэгцтэй, ойлгомжтой, улс эх орны эрх ашигт нийцтэй ажиллах ёстой ч Г.Дамдиннямын хувьд салбарын ажилдаа ур чадваргүй, гологдож байгаагийн бас нэг илрэл гэж танхимын хэмжээнд үнэлэгдсэн байж болзошгүй. Энэ нь түүнийг чөлөөлөх ярианд бас нэгэн хүч нэмж буй ташуур болоод байгаа юм.

Оюутолгойн ногдол ашгийн талаарх “галыг” Ерөнхий сайд руугаа дуудсан нь

Оюутолгой компани 17 жилийн дараа монголчуудад ногдол ашиг болох 3 их наяд төгрөг тараах болсон тухай таатай мэдээг Ерөнхий сайд Н.Учрал танилцуулав. Ингээд 2 их наядаар нь бүтээн байгуулалтын ажил хийж, үлдсэн 1 их наядыг иргэдийн Үндэсний баялгийн санд 2030 оноос зарцуулах эрхтэй байршуулна гэв. Гэтэл энэ асуудал олон нийтийн дунд өндрөө авч “Зөвхөн бэлнээр авна, Төр засаг төсөвт суулгах нэрээр идэх гэж байна” гэхчлэн шүүмжлэлийн бороо орсон. Уг асуудалд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан нар олон нийтийн шүүмжлэлийн уур амьсгалыг ойлголгүй асуудлыг нийгэмд талцах нэг сэдэв болгон өгч, бүх “галыг” Ерөнхий сайд Н.Учрал руу дуудсан нь улс төрийн өнгөн дээрээ бол салбарын сайдын буруу менежменттэй ажилласны жишээ юм. Хэрэв илүү “юм үзсэн” сайд байсан бол ногдол ашгийн талаар тийм өндрөөс гал авахуулалгүй, “Төсвийн тодотгол хэлэлцэж байх үед Оюутолгой компани ногдол ашиг өгөх хэлэлцээр амжилттай боллоо. Хуульд өөрчлөлт оруулж амжаагүй тул энэ удаагийн ногдол ашгийг иргэдийн хуримтлалын санд байршуулах боллоо” гэхчлэн зөөлөн, таатай уур амьсгал бүрдүүлэх улстөрчийн холч ухаан Г.Дамдиннямд дутсан гэж хэлэхэд буруудахгүй. Ингээд ногдол ашгийг тойрсон хэл ам мөн л “Даймка” сайдын мэргэжлийн ур чадварын ээлжит нэгэн шалгалт болж хувирсан. Харамсалтай нь тэрээр муу дүн авсныг одоо хүртэл Засгийн газрыг шүүмжилж буй олон нийтийн хандлагаас “үнэртэж” буй.

Т.Бат

Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
 
Горьдлого тасарсан ГОРИЛОГЧИД
Горьдлого тасарсан ГОРИЛОГЧИД
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.