Замын-Үүдэд онц дэглэм тогтооно гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Тэгвэл өнөөдөр энэ асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрээр:
Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын мэргэжлийн жолооч нарыг дараах зохион байгуулалтад оруулж онц дэглэм мөрдүүлнэ. Эрээн хотын гаалийн хашаанд Тяньжин болон бусад газраас манайд ирэх бараа чингэлэгт төвлөрч байна. Эрээний гаалийн хашаанаас Синотранс гэдэг компани тэндээ тээвэр хийх /хилийн тэг цэг дээр авч ирэх/ эрхээ авсан юм билээ. Түүнээс цааш манай 7 мянга орчим жолооч татаж авна гэж байгаа.
Хятадын талаас дээрх жолоочдын халдвар хамгааллыг нь сахиулаад ямар ч халдвар тархаахгүй байж чадах юм бол Эрээний хашаанаас байнга тээвэрлэлт хийж өгье гэсэн санал тавьж байна.
Энэ нь ямар ч боломжгүй. Замын-Үүдэд маш олон жолооч нар цааш нь ковид тараасан гээд тээвэрлэлт хүндрэхэд нөлөөлсөн. Тэг цэгээс цаашаа үнэ төлбөргүй төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын жолооч, тусгай албан хаагчид тэг цэгт нэг орчинд байж байгаад чингэлэг тээврийг дамжуулж ачаад Замын-Үүдэд авч ирнэ. Замын-Үүдээс Улаанбаатар хот руу долоон мянган жолооч нар үнэ ханшаараа уралдаад тээврээ зөөцгөө гэх шийдвэрийг Засгийн газар гаргасан.
Энэ бол тээвэр ложистикийн хүндрэл, инфляцийг бууруулахын төлөө хийж байгаа алхам гэж Засгийн газар үзээд, маргаашнаас энэ ажлыг эхлүүлэх гэж байна. Бид долоон мянган хүний халдвар хамгааллыг сахиулж чадахгүйгээс хойш, өөрсдөө хоёр зуутыг бэлдэж байна. 14 хоногт нэг зуут нь ажиллана, эргээд нөгөө ээлж нь солигдоод ажиллах зарчмаар. Тээврийн чингэлэг зөөх, том оврын тавцан түгжигчтэй автомашиныг түрээслэх, хүмүүсээ вакумжуулж байрлуулах, нааш цааш зөөх шатахууны зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж байгаа.
Замын-Үүдэд тээвэр эрхэлдэг төрийн бус байгууллага, жолооч нарт хэлэхэд: Уучлаарай, үүнийг хийж үзэхээс өөр аргагүй. Үгүй бол урд хөрш: танайх манайд халдвар хамгааллын дэглэм зөрчөөд, өвчин халдаагаад байна. Жолооч нараас маш их халдвар илэрч байна гэж байгаа учир маргаашнаас туршилтын тээвэр эхлэх гэж байна.
Бид Замын-Үүдэд томилолтоор явах хугацаанд тээвэрчдийн нэгдлийн төлөөлөлтэй уулзаж ярилцсан мэдээллийг ЭНД дарж уншина уу.