Хүний эрхийн Үндэсний комиссын ажлын хэсэг Замын-Үүд боомтын авто Тээвэрчдийн холбооны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар тээвэрчдийн нөхцөл байдал, сүүлийн үед жагсаж эсэргүүцлээ илэрхийлж байгаа асуудлын талаар тодруулсан юм.
Замын-Үүд суманд нийт 5359 тээвэрчид байдаг ажээ. Сүүлийн үед тэд есөн сард нэг удаа тээвэр хийх боломж гарч орлогын эх үүсвэрээ алдаж байгаадаа бухимдалтай байгаа гэв. Мөн тээвэрчдийн зүгээс хилийн тэг цэгээс Замын-Үүд хүртэл 15 сая төгрөгөөр тээвэр хийх тооцоолол гаргасан байна.
Учир нь есөн сарын хугацаанд нэг л удаа тээвэр хийж байгаа учраас тээврийн хөлс тийм өндөр байгаа гэх тайлбарыг өглөө. Бид Тээвэрчдийн холбооны төлөөллөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Энгийн үед хэдэн удаа тээвэр хийж, хэдэн төгрөгийн орлого олдог байсан бэ?
-Бид энгийн үед нэг удаагийн тээврийг таван сая төгрөгөөр хийдэг байсан. Сардаа 5-8 удаа тээвэрлэлт хийдэг. Гэтэл одоо есөн сардаа нэг удаа тээвэр хийх боломж арайхийн олдож байна.
“Манлай тээвэр буянт зам” тээвэрчдийн холбооны төлөөлөл Н.Дугаржав:
-Вакцинжуулалтын асуудлаас болоод төрийн үйлчилгээ авах боломжгүй байдалд орох гээд байна. Гурав дахь тунгаа заавал хийлгэж байж төрийн үйлчилгээ авна, нааш цаашаа зорчуулна гэсэн асуудал бий болсон. Энэ чинь хүний эрхийг зөрчиж байна. Хувь хүн өөрийн сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамрагдах ёстой гэж байгаа. Холын тээвэрт явахад заавал нэмэлт тундаа хамрагдаж шинжилгээ судалгаандаа хамрагдсан байх хэрэгтэй талаар яригдаж байна.
-Нэмэлт тунд хамрагдсан байх шаардлагатай талаар хаанаас шаардаж байгаа вэ?
“Манлай тээвэр буянт зам” тээвэрчдийн холбооны төлөөлөл Н.Дугаржав:
-Пост болгон дээр замын цагдаа, комиссын шалгагчид шаардаж байна.
Нөхцөл байдал хэвийн байх үед манай тээвэрчид хэнээс ч гуйхгүй ажиллаж амьдарч болдог байсан. Төрөөс юу ч харж байгаагүй. Аль нэгэн газрын хараат бус өөрсдийн бор зүрхээр л явдаг байсан.
Одоо ковидын нөхцөл байдалтай байгаа үед банк, ББСБ-д хандахад сүүлийн саруудад ямар ч орлогогүй байсан болохоор дансны орлого зарлагын шалгуураа хангахгүй байна. Өмнөх зээл тооцоогоо төлж чадахгүй байснаас болоод хууль хяналтын байгууллагад шилжиж, муу зээлдэгч болж байна. Хэдэн зуун сая төгрөгийн асуудал яригдаж байгаа.
Эрээн талд тээвэрлэлт хийж байгаа 31 жолооч өнгөрсөн жилийн гуравдугаар сараас хойш тэнд байрлаж байна. Ингэхдээ нэг ч удаа эмнэлгийн үйлчилгээ авч чадаагүй нь хүний эрх зөрчиж байгаа асуудал юм.
Хэдийгээр гадаад улс оронд байгаа ч хоёр улс хоорондын элчин сайдын яамд төлөөлөгчид ярилцаж тохиролцоод иргэддээ анхаарах хэрэгтэй. Огт хяналт судалгаа хийдэггүй, орхигдуулдаг. Ковидын үед ямар нэг шийдвэр гаргаж ажил зохион байгуулахдаа ямар ч бэлтгэж төлөвлөдөггүй. Бид түүнийг нь дагахаас өөр аргагүй байдалд ордог.
Өнгөрсөн зун, намар дундын бүсийн жолооч нар тусгаарлагдах үедээ эрхээ зөрчүүлсэн. Үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон байсан зочид буудалд 50-70 хүн тусгаарлаж байсан. Ариун цэврийн өрөө, хоолны газар нь шаардлага хангахааргүй. Түүхий махтай хоол өгсөн тохиолдол ч байгаа. Дарга, буудлын эзэд нь чөлөөтэй орж гардаг, тогооч үйлчлэгч зэрэг нь бараа материал авч ирэх гээд чөлөөтэй гарч л байдаг. Гэтэл жолооч бид гарч болохгүй гэртээ харьж болохгүй тусгаарлалт гэж хэлэхээргүй л юм болсон.
ХЭҮК-ын дарга Ж.Хунан:
-Вакцинд хамрагдсан эсэхээс шалтгаалсан ялгаварлан гадуурхалт байж болохгүй. Энэ талаар бид УОК болон Ерөнхий сайдад зөвлөмж хүргүүлсэн байдаг.
Тухайн үеийн УОК-ын дарга С.Амарсайхан өөрөө албан бичигтээ “Вакцин сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа” талаар албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс төрийн үйлчилгээг авахад вакцин хийлгэсэн эсэхээр нь ялгаварлах ёсгүй.
Бат холбооны төлөөлөл Д.Мөнхбат:
Тээвэрчдийн эрхийг байнга зөрчдөг. Өмнөх төр захиргааны газраас гаргаж байсан тушаал нь тээвэрчид болон бүс нутгийн иргэдийн эрх ашгийг байнга зөрсөн шийдвэр байдаг байсан. 69-ийн жолооч нарын бослого, том тэрэгний жолоочдын бослого зэргээс харж болно.
"Тээвэрчид: Бид компанийн тогтолцоонд орохгүй, хувиараа ажилламаар байна"
Сайн үйлст тээвэрчдийн холбооны тэргүүн Ө.Эрдэнэтуяа:
-Бид өөрсдийн ажлын байрыг төрийн ямар ч оролцоогүйгээр босгодог. Төрд ямар ч дарамт үзүүлдэггүй. Энэ дээр ковидын нөхцөл байдлыг далимдуулаад хэдхэн компаниуд шунаж орж ирж эзэрхийлэх гээд байна. Энэ тал дээр тээвэрчид бидний эрх зөрчигдөж байгаа учраас тэмцлийн бүхий л хэлбэрээр үзнэ. Чингэлэг тээврээр ачаа оруулна гээд байгаа. Түүнийг нь судлаад үзэхээр тойруу аргаар компаничлал руу оруулах гээд байгаа юм. Бид компанид харьяалагдахгүйн тулд амиа тасартал үзнэ.
Орлогогүй байгаа учраас зээлээ төлж чадахгүй нөхцөлд хүрсэн. Банкан дээрээ очоод зээлээ царцаая гэхэд болно, харин хүү нь зогсохгүй гэх хариу өгдөг. Бид зээл төлөхгүй хэрнээ хүү төлж яах юм бэ?
Төр туйлдаж байна ядарч байна гэх үгийг сонссоор байгаад дөжирчихсөн юм шиг байна. Үгүй шүү. Байдал үнэхээр л хэцүүдээд хоолойн дээр тулсан байна.
Борхойтал авто тээвэрчдийн холбооны тэргүүн н.Ган-Очир:
-Манай холбоо 650 гаруй тээвэрчин, 15 удирдах зөвлөлийн гишүүнтэй. Замын-Үүдийн иргэдийн амьдралд сайд нарын нөлөө бүхий хүмүүс дам хэлбэрээр халдаж байна. Ковидоор далимдуулж зорчих эрхийг хаасан. Тэгэхэд тэр дундуур компанийн эрх бүхий хүмүүс л явсан.
Бид хориотой явж чадахгүй байхад том ар талтай хүмүүс чөлөөтэй бүрэн эрхтэй явж байна. Нэг ч машинд биржийн бичиг олгохгүй байгаа хэрнээ тэдгээр ар талтай машинд Ц зөвшөөрөл олгочихсон л байдаг. Үүнд бид маш бухимдалтай байна.
Чингэлэг тээвэр гэж өмнөх жилээс яригдаж эхэлсэн асуудал. Замын-Үүдийн хувь тээвэрчдийг жагсаалаас гаргана бүгдийг нь нэг компанид нэгтгэж, тээвэр хийхийн тулд тухайн компаниас зөвшөөрөл авдаг болно гэсэн үг.
Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо гэж байгаа. Энэ компани нь хуульд, яамд, эрх мэдэлд ойрхон. Мэдээллээ ашиглаад бидэнд мэдэгдэлгүйгээр далдуур шахаж гаргах зөрчлийг байнга үүсгэж байна.
Засгийн газрын түвшинд чингэлэг тээврийн талаар их гоё боловсон хурдан шуурхай хямд байна гэж тайлбарлаж байна. Энэ нь бидний хилээр нэвтрэх зорчих бүх эрхийг боомилж байна.
Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр:
-Жолооч нар өөрсдийнхөө машиныг л гаргах сонирхолтой байгаа. Хятадын тал өвлийн олимпоо хийх гэж байгаа учраас таван сарын хугацаанд нэг ч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй, чингэлгээр л бараа тээвэрлэх боломжтой гэсэн байр суурьтай.
Хятадын талаас эхний ээлжинд 100 чингэлэг гаргах боломжтойгоо илэрхийлсэн. Манай улсаас хэдэн ч чингэлэг авах боломжтой. Бидэнд бараа бүтээгдэхүүн хэрэгтэй, хомстол бий болчхоод байна. Чингэлгээр ч гэсэн бараа бүтээгдэхүүнээ татах хэрэгтэй.
Хэдийгээр манай орон нутгийн 5300 гаруй тээвэрчдийн орлого олох хэлбэрийг алдаж байгаа ч улсын эрх ашгийг тэргүүнд тавих хэрэгтэй.
- Чингэлэг тээвэр хэдий хэмжээний тээвэр хийх боломжтой вэ?
-Нэг чингэлэг 40 тонн тээвэр хийнэ.
ХЭҮК-оос томилогдсон ажлын хэсэг Замын-Үүд суманд хоёр өдөр ажиллаж тээвэрчид, сумын нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдалтай танилцсан юм. Цаашид Эрээний консулын газарт хандаж эрүүл мэндийн үйлчилгээ авах наад захын хэрэгцээг хангах асуудлыг тавьж ажиллах талаар ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан онцоллоо.