/2022.01.10/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.
Түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг танилцууллаа.
Их тойрууд байршилтай, замын хөдөлгөөн нөлөөлж байгаа байршлуудад цагийн зохицуулалт хийх, арга хэмжээ авах Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан. Энэ дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа.
Тэрбээр "Их тойрууд байршилтай төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36 сургууль бий. Нийт 63 сургуульд 16 мянга орчим хүүхэд такси болон хувийн унаагаар зорчиж байна. Иймээс төрийн өмчийн 19, төрийн бус өмчийн 26 сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45, 08:15 гэж өөрчлөлт оруулах санал боловсруулсан. Дээрх 63 сургуульд ажиллаж байгаа 5000 багшийн 1672 нь такси, хувийн унаагаар явж байна.
Урт хугацаандаа нийтийн тээврээр боловсролын байгууллагын ажилтныг үнэгүй зорчуулах судалгаа хийсэн” хэмээн танилцууллаа.
Эх сурвалж: НЗДТГ