/2022.01.10/ Их Британид Омикрон хувилбарын давалгаа үүсч эрүүл мэндийн салбар, эмнэлгийн байгууллагууд туйлдаа хүрч байна.
Өнгөрсөн долоо хоногт Лондон хотын 15 хүн тутмын нэг нь Омикрон хувилбараар халдварласан гэсэн тооцоо гарчээ. Харин Зул сарын баярын өмнөх өдөр 5 хүн тутмын нэг нь Омикрон туссан талаар мэдээлж байсан юм. Өнөөдрийн байдлаар ковид халдварын улмаас 150 мянга гаруй хүн нас бараад байна гэж ВВС-ээс мэдээлсэн байна.
Эмч, эмнэлгийн байгууллагынхан ачааллаа даахгүй болсон тул цагдаа болон онцгой байдлын газрынхан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дайчлагдаж байгаа аж. Өнгөрсөн зун Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны (NHS) 27,000 ажилтан ажлаасаа гарчээ. Тиймээс ихэнх эмнэлгийн байгууллагууд хүний нөөцийн дутагдалд ороод байгаа аж.
Омикроны давлагааны дараагаар ч мөн цар тахлын улмаас цуцлагдсан хагалгаа болон ковидын дараах хам шинжтэй өвчтөнүүдийн эмчилгээтэй холбоотойгоор эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэнэ гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар 1,3 сая хүн ковидын хам шинжтэй байна гэсэн тооцоо гарчээ.
Их Британийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар вакцины гуравдугаар тун халдвараас маш сайн сэргийлж байгаа бөгөөд бүүстэр тун хийлгэснээс хойш 3 сарын дараа ч эсрэг биеийн хэмжээ буурахгүй байгаа үр дүн гарчээ. Ялангуяа 65-аас дээш насныхны эмнэлэгт хэвтэх магадлалыг 90 хувь бууруулж байна гэв.
Эх сурвалж: ZDF