/2022.01.08/ Казахстаны авторитар удирдагч засгийн газрын эсрэг жагсаалыг хүчирхийллийн аргаар дарж байгаа энэ үед аюулгүйн хүчнийхэнд "анхааруулгагүйгээр галлах" тушаал өгчээ.
Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев "20 мянган дээрэмчид" шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал дунд орж тус улсын төв болсон Алматы хот руу халдсан талаар мэдээлжээ.
Тэрээр ямар нэгэн тайлбар өгөлгүйгээр " гадаадын бэлтгэгдсэн террористууд" халдсан хэмээн буруутгасан байна.
Одоогийн байдлаар эмх замбараагүй байдлын улмаас 26 гэмт хэрэгтэн, 18 хамгаалалтын ажилтан амь үрэгдээд байна.
Ноён Токаев телевизээр хэлсэн үгэндээ жагсагчидтай яриа хэлцэл хийхийг уриалсныг "утгагүй зүйл" хэмээж, "Бид босогчид, алуурчидтай ямар яриа хэлэлцээ хийж чадах вэ? Бид дотоодын төдийгүй гадаадын зэвсэгт, сайн бэлтгэгдсэн дээрэмчидтэй тулалдах ёстой байсан. Бүр тодруулбал алан хядагчидтай. Тиймээс бид тэднийг устгах ёстой, үүнийг удахгүй хийх болно" гэв.
Эрх баригчид “терроризмын хэрэг” хэмээн буруутгаж байгааг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж байна.
Олон хоног үргэлжилсэн хүчирхийллийн дараа нөхцөл байдал бага зэрэг намжсан ч буун дуу, дэлбэрэлтийн чимээ үе үе сонсогдож байгаа тухай Алматы дахь ВВС-ийн сурвалжлагч мэдээлсэн байна.
Ерөнхийлөгч Токаев, "Орос болон хөрш зэргэлдээ орнуудаас илгээсэн энхийг сахиулах хүчнийхэн түүний хүсэлтээр ирсэн бөгөөд аюулгүй байдлыг хангах зорилгоор түр хугацаагаар тус улсад байрлана" гэжээ.
Мөн тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс руу цэрэг илгээсэнд нь "онцгой талархал" илэрхийлжээ.
Эсэргүүцэгчдийн булаан эзлээд байсан Алматы хотын төв нисэх онгоцны буудлыг эргүүлэн авсаны дараа Казахстаны албаныхан болон ХАБГБ-ын цэргүүд хяналтаа тогтоосоноор зарим бүс нутагт интернет холболт сэргэсэн байна.