/2022.01.07/ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг багасгаж байгааг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө ТББ-ын Т.Туяажаргал:
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж иргэдийн амьжиргааны түвшин буурч байгаа энэ үед хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сар бүр олгодог 288 мянган төгрөгийг бууруулж байгааг эсэргүүцэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст маш их эмчилгээний зардал гардаг. Тиймээс 288 мянган төгрөг болгох шийдвэрийг 2020 оны тавдугаар сарын 6-ны өдөр МУ-ын Засгийн газрын хуралдаанаар баталсан. Үүнээс хойш энэхүү мөнгөн дүн нэмэгдэж өнөөдрийг хүртэл авч ирсэн. Гэтэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дээрх шийдвэрийг зогсоохоор болсон байна. Тиймээс МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, ХНХЯ болон холбогдох албаны хүмүүст шаардлага хүргүүлж байна.
Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар :
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог 288 мянган төгрөг бидний амьдралд хүрэлцдэггүй. Хил хаачихсан, эдийн засаг хурдацтай унаж байгаа энэ үед сар бүр олгодог мөнгөн дэмжлэгийг хасна гэдэг маш олон хүмүүсийн уур бухимдлыг төрүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр маш хомс, ажилд ороход үнэхээр хэцүү байдаг. Тийм байхад төрөөс өгдөг 288 мянган төгрөгийн дэмжлэгийг яагаад хэвээр нь үлдээж болдоггүй юм бэ.
Монголын Хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Ганбат:
-Бид аргаа бараад дээрх шаардлагыг холбогдох албаны хүмүүст хүргүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байнга гоншгонож, гомдоллоод байдаггүй. Аль болох өөрсдөө болгох гэж хичээдэг. Өнөөдөр яалт ч үгүй нэгдэж өөрсдийн дуу хоолойг хүргэх шаардлагатай боллоо. Эрх баригч нар тайзан дээр гарахаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, халамж гэж попордог. Гэтэл яг үнэндээ тэд нарын гаргаж буй шийдвэр, барьж буй бодлого хүрэх ёстой хүндээ хүрэхгүй байна.
Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 15:00 цагт мэдээлэл өгнө.