/2022.01.05/ Казахстаны Ерөнхийлөгч Токаев нэгдүгээр сарын 5-наас Алма-Ата болон Мангистау мужид онц байдал тогтоосон байна.
Тэрээр өөрийн зарлигаар Алма-Ата болон Мангистау мужид эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбогдуулан нэгдүгээр сарын 5-наас нэгдүгээр сарын 19-ний шөнө дунд хүртэл хоёр долоо хоногийн хугацаатай онц байдал тогтоосон тухай мэдээлжээ.
Тогтоолд дурдсанаар "Нийгмийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан" онц байдал тогтоосон гэв.
Нэгдүгээр сарын 2-нд Казахстаны Мангистау мужид автомашины шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал эхэлсэн. Автомашины жолооч нар шингэрүүлсэн түлшний үнийг бууруулахыг шаардсан ба түлшний үнэ литр тутамдаа 381-773 төгрөгөөр огцом өссөн байна. Мөн зарим хотод жагсагчид бүгд найрамдах улсын анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг улс төрөөс гарахыг уриалав.
Нэгдүгээр сарын 4-нд Алматы хотын Бүгд найрамдах улсын төв талбайд жагсагчид болон хамгаалалтын хүчнийхний хооронд мөргөлдөөн эхэлж, тус улсын бусад хотуудад үймээн самуун дэгдэв. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев орос хэлээр ард түмэндээ хандаж үг хэллээ. Засгийн газар унахгүй гэдгээ мэдэгдэж, эх орон нэгтнүүдээ хянамгай байхыг уриалав. Ерөнхийлөгч мөн иргэдийг “дотоод болон гаднах өдөөн хатгалгад” автахгүй байхыг уриалж, жагсагчдын уриалгыг туйлын хууль бус гэж нэрлэжээ.
Эх сурвалж: Лента