/2021.1.5/ Ерөнхийлөгчийн Тамгын газар дэргэдээ МОНЦАМЭ агентлагийг ажиллуулахаар болжээ. Засгийн газрын мэдэлд байдаг тус агентлагийг Засгийн газар хуралдаанаараа ийнхүү Ерөнхийлөгчийн тамгын газарт “бэлэглэхээр” болсон байна.
Энэ нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 3-р зүйл: Мэдээлэл хяналт тавихыг хориглох заалтын 2-ыг буюу “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэснийг ЗӨРЧИЖ байгаа юм.
Яг энэ заалтаар Засгийн газрын мэдэлд явсан МОНЦАМЭ агентлаг хууль эрхзүйн хувьд статус нь бүдгэрч, тодорхойгүй болсон. Өнөөдрийг хүртэл тус байгууллагын эрхзүйн орчин огт тодорхойгүй гэсэн үг.
У.Хүрэлсүх 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Ерөнхийлөгчөөр сонгогдож, Л.Оюун-Эрдэнэ зургаадугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайдаар томилогдсон. Ингээд Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа МОНЦАМЭ агентлагийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд шилжүүлэн авчээ.
Ийнхүү Ерөнхийлөгч өөрийн хүндээ дэргэдээ авч, МОНЦАМЭ-г хариуцуулахаар болсон байна.
Тус агентлагийн даргаар ажиллаж байсан Б.Ганчимэг чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд түүний оронд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга Г.Амартүвшинг томилохоор болжээ.
Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байгаа юм.
МОНЦАМЭ агентлагийн тухай:
МОНЦАМЭ агентлаг нь “Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж” гэсэн эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.
Тус агентлаг нь төсвөөс санхүүждэг бөгөөд энэ жил 100 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Монгол, англи, орос, япон, хятад хэлээр өдөр тутмын мэдээг дотоод, гадаадад цацаж ажилладаг. Үндэсний монгол бичиг болон англи, орос, хятад, япон хэлээр долоо хоног тутмын сонин, англи хэлээр улирал тутмын сэтгүүл эрхлэн гаргадаг. Дэргэдээ гэрэл зураг, видео студи, хэвлэх үйлдвэртэй. 21 аймаг болон ОХУ, БНХАУ-ын нийслэл Москва, Бээжинд албан ёсоор сурвалжлагчтай.