Миний туршлага №9: Ид шидтэй ах, эгч нартай өнгөрөөсөн нэг өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Миний туршлага №9: Ид шидтэй ах, эгч нартай өнгөрөөсөн нэг өдөр

/2021.12.27/ Ид шидийн уут аяныг мэдэхгүй хүн ховор биз ээ. Жил бүрийн арванхоёрдугаар сард шинэ жилийн баяр, өвлийн өвгөн, ид шид байдгийг бяцхан хүүхдүүдэд мэдрүүлэх гэж олон залуус, хувь хүн, албан байгууллага нэгдэж бэлэг түгээдэг юм. Миний хувьд урьд хожид энэ үйл явдлын нэг хэсэг болж байгаагүй бөгөөд, өнгөрсөн бямба гарагт ид шидтэн байдаг гэдгийн гэрч боллоо. Ингээд зорилтот бүлгийн айл өрхөөр зочилж, хүүхдүүдэд нь бэлэг өгөхөд ямар сэтгэгдэл төрснөө сийрүүлэн бичье.

ХЭЗЭЭ БОЛСОН БЭ?

Арванхоёрдугаар сарын 25. Зул сарын баярын өглөөний 9 цагаас эхлэн оройны 20 цаг хүртэл бэлэг түгээлээ.

Зургийн тайлбар: Олон бэлэг байсны нэг хэсэг нь

ХЭН ОРОЛЦСОН БЭ?

Өглөө ид шидийн орны бааз дээр очиж, Лантуун дохио ТББ-ын тэргүүн У.Ганбаяртай уулзаж аль багийнхантай хамт явах, айл өрхөөр орохдоо ямар үйлдэл хийх зэрэг зааварчилгааг авсан юм.

Лантуун дохио ТББ-ын тэргүүн У.Ганбаяр

Миний бие БГД-ийн багт хуваарилагджээ. Өглөөний 8 цагт очиход олон залуус борви бохисгүй бэлэг сэлтээ боох, гадаа байгаа машин руу буулгах, өвлийн “залуус”, цасан охид, алиалагчид нь гадуурх хувцсаа өмсөөд завгүй харагдана. Нэг өрөөнд тэр чигт нь бэлэг байршуулсан байв. Бяцхан хүүхдүүдэд очих бэлэг тэндээс гардаг байх нь.

Сайн дурын оролцогчид, багийн ахлагч, тандагч нар

Бэлэг түгээхэд Land Cruiser, Jeep зэрэг машин эзэмшигчдийн бүлгэмээс олон ах нар сайн дураараа ирж тусалсан юм. Баазын үүдэнд ид шидийн орны нэг ажилтан жолооч нарт бензиний талон өгөх гэж зогсоно. Явах байршлын хол ойроос шалтгаалаад 50, 20 мянган төгрөгийн талон байх аж. Харин жолооч ах нарын дийлэнх нь “Сайн үйлсийн аян гэсэн биз дээ. Би авахгүй ээ ” гэж хэлэх юм.

Мөн сайн дураараа оролцож байгаа олон залуус байлаа. Бямба гарагт ойролцоогоор 18 машинтай баг хөдөлсөн байна. Нэг машинд өвлийн өвгөн, цасан охин, хоёр тандагч, туулай эсвэл алиалагч явлаа. Би сэтгүүлчийн үүргээр оролцоно гээд үзэг бал, утсаа бариад явж байсан ч тэдний нэг нь надад улаан өмсгөл өгөөд “Цасан охин болчих” гэсэн нь их л гэнэтийн, сонирхолтой санал байлаа. Би ч өмсгөлөө өмсөөд, манай баг хөдлөв өө.

ХААШАА ЯВСАН БЭ?

Баянгол дүүрэг, эхний очсон айл нийтийн байр, Мах маркет орчмын дэл сул айл байв. Арванхоёрдугаар сарын 18, 19-нд түгээсэн байна. Харин бид айл өрх орхигдуулсан байх вий гээд нэгд нэгэнгүй самнав. Үүний дараагаар 3, 4 дүгээр хорооллын арын гэр хорооллын айлуудаар явлаа. Өмнө нь явсан болохоор ч тэр үү, эсвэл бид харьцангуй гайгүй айлуудаар явсан уу? Ямартай ч тарчиг хоосон, хүйтэн, тоггүй айлаар таарсангүй.

ЮУ ХИЙСЭН БЭ?

Бид айлуудад орж айл өрхийн байдлыг тандан, эцэг эх, том хүн нь ажил хийдэг эсэхийг тодруулж цаашид ажлын байр олоход нь тусалж өгдөг юм байна. Нийт арав гаруй айлд оржээ. Айл бүрийн аж байдлыг сийрүүлэн бичих нь нуршсан мэт санагдах тул жишээ болгон бичье. Хамгийн эхлээд орсон айл нь нийтийн байранд аж төрөх ээж, хүү, охин байв. Охин нь таван настай, их сэргэлэн хөөрхөн, дуу дуулаад л, өмнө нь өвлийн өвгөнтэй уулзаж байгаагүй талаараа хэлж байлаа. Өвлийн өвгөн охиныг өвөр дээрээ суулгаад бэлгээ өгсөнд ихэд баярлан, ах ээждээ бэлгээ үзүүлээд л “Ээжээ, охинд нь бээлий таарч байна. Арван нас хүрэхэд харин багадах юм байна” гээд ход ход инээсэн нь хэн хүний хайрыг татаж байв. Ах нь хөгжлийн бэрхшээлтэй хүү байлаа. Математикийн хичээлдээ дуртай, ирээдүйд цагдаа болох хүсэлтэй талаараа хэлж байв. Шинэ гутал өгсөнд өмсөж үзээд баярлан, хоёр тийш холхино. Бид ч өвлийн өвгөн, цасан охин, шинэ жилтэй холбоотой дуу дуулж тойрон бүжиж хүүхдүүд ч мөн адил баярлана.

Хорооллын хойд талын нэг айл долоон хүүхэдтэй гэнэ. Бид үдээс хойш тийш орж ажиглахад: Том тогоонд богширсон хар цай буцалгаад, хүүхдүүдийнхээ өмд, цамцыг нь угаагаад униндаа тохсон байлаа. Тааруу амьдралтай харагдаж байв. Гэрлээ асаасан ч, тэр нь тун бүдэг байлаа. Долоон хүүхэд нь нэг ойтой, хоёр, гурав, тав, 11 зэрэг настай байлаа. Тэд өмнө нь өвлийн өвгөнтэй уулзаж байгаагүй гэнэ. Анх удаа харж байгаа гээд ихэд сонирхож, хажууд ирээд суугаад, нялх хүүхэд нь нүдээ дүрлийлгэн харах нь тэр. Таван настай охин ирээд төрийн дууллаа үг үсэг, ая алдалгүй сайн дуулсан нь өхөөрдөм байлаа. Ах нь шүлэг уншаад л сүрхий шүү. Бага дүү нь унтаад сэрсэн бололтой, шанаагаа тулаад юу болж байгааг ойлгож гэж байгаа аятай байлаа.

Бэлгээ өгөөд, улаан шуудайнаасаа хүүхэд бүрд таарах хувцас бэлэглэв. Ингээд биднийг гарахад ардаас шаагилдсан олон хүүхэд баярлалаа өвөө гээд л.

Хүүхэд хөөрхөн юм аа. Анх удаа өвлийн өвгөнтэй таараад баярлаж байгаа нь нүдэн дээр нь илт байх юм.

Мөн бид замд явж байхад усанд явж байгаа хүүхдүүдэд задгай бэлэг өгч явлаа. Машин дүүрэн байсан бэлэг маань 20 цаг гэхэд бүгд дууссан байх нь тэр. Маш урт өдөр болж өнгөрч товчхондоо “Ид шид” байдгийн гэрч болсон сайхан өдөр байлаа. Өмнө нь цасан охин болж байгаагүй би, хүүхдэд бэлэг түгээх чин хүсэлтэй залуустай хамт явсан тул их эрч хүчтэй байсан юм.

ТАЛАРХАЛ

Ид шидийн уут аяныг санаачлан хэрэгжүүлдэг үе үеийн тэргүүн нарт, үүнд сайн дураараа оролцдог олон сайхан сэтгэлт залууст, сэтгэлээрээ тусалдаг ах эгч нарт бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Хүүхэд багачуудад тус дэм болдог эгч болохын тулд улам хичээж мундаг байх хэрэгтэйгээ ойлголоо.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Хангарьд ордноос нүүж эхэллээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Хангарьд ордноос нүүж эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.