Эмэгтэй энхийг сахиулагчид МОНГОЛД ЧУУЛНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэй энхийг сахиулагчид МОНГОЛД ЧУУЛНА

/2021.12.09/ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын батлан хамгаалахын сайд нарын хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус уулзалтад МУ-ын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цахимаар оролцож үг хэллээ.

Тэрбээр "Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш 60 жилийн хугацаанд НҮБ-ын зорилго, үйл ажиллагааг хүндэтгэн дэмжиж, сайн санааны туслалцаа үзүүлэх, зуучлах, эвлэрүүлэх талаар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж ирлээ. Монгол Улс цэргийн алба хаагчдынхаа бэлтгэл, ур чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай байгаа Түргэн байрлах хүчний рот, Инженерийн рот, явуулын мэс заслын хүчин чадавхитай Цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийг тус тус шинээр оролцуулахаар төлөвлөж, бэлтгэлээ хангаж байна" гэв.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр байгаль орчныг хамгаалах чиглэлээрх НҮБ-ын уриалгыг дэмжиж энхийг сахиулах ажиллагаанд шинээр оруулах цэргийн багуудыг тодорхой хэмжээний сэргээгдэх эрчим хүчний хүчин чадавхтайгаар үүрэг гүйцэтгүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж байгаа гэсэн юм.

Үүний зэрэгцээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” 1325 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, 15 хувьд хүргэхээр зорин ажиллаж байгаагаа ч дурдсан юм.

Энэ ажлын хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцоо, тэдний туршлага сургамжийн талаар олон улсын хурлыг Улаанбаатар хотноо 2022 онд зохион байгуулж ажиллахаа онцоллоо.

Уг хуралдааныг Бүгд Найрамдах Солонгос улс, НҮБ-тай хамтран зохион байгуулжээ.

Энэхүү хуралдаан нь 2014 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, Батлан хамгаалахын болон гадаад харилцааны сайд, олон улсын байгууллагын тэргүүнүүд, эрдэмтэн судлаачид оролцдог аж.

Энэ удаагийн хуралдааныг Ази тивд анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Дэлхийн 100 гаруй орны төлөөлөгчид оролцож, энхийг сахиулах ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй сорилтууд, цаашдын бодлого тодорхойлох асуудлуудыг хэлэлцсэн байна.

Pfizer, BioNTech вакцины 3-р тун нь Omicron хувилбарыг саармагжуулж байна
Pfizer, BioNTech вакцины 3-р тун нь Omicron хувилбарыг саармагжуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.