/2021.12.09/ Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас олон улсын Авлигын эсрэг өдрийг угтан “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021 хөтөлбөр”-ийг зохион байгууллаа. Тус чуулганаар дөрвөн салбар хэлэлцүүлгийн хүрээнд салбар бүрийн төлөөлөл илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Чуулганы “Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт салбар хэлэлцүүлэгт Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва оролцон, “Төрийн үйлчилгээг цахимжуулах, авлига, хүнд суртлыг бууруулах нь: Нийслэлийн шийдэл, сорилт, үр дүн” сэдвээр илтгэл тавив.
Тэрбээр “Бид монгол хүний сайн сайхан, эрх чөлөөтэй амьдрах боломж, эрх, эрх чөлөөнд хамгийн их саад болж буй авлига, хүнд суртлыг бууруулах, таслан зогсоох аргыг хайж, хамтран хэлэлцэж байна. Авлигыг таслан зогсоож, ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг бүх түвшинд хангаж ажиллах нь төр, иргэний хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлж, хамтран хөгжих гарц юм. Авлигатай тэмцэх газраас санаачлан зохион байгуулж буй энэ удаагийн форум нь Монгол Улсын хөгжил, дэвшилд саад болж буй авлигын шалтгаан, нөхцөлийг бодитоор тодорхойлж, авлигыг таслан зогсоох шинэ санаа, боломж, гарцыг нээсэн үр дүнтэй хэлэлцүүлэг байгаасай гэж хүсэж байна” хэмээв.
Транспаренси интернэшнл” байгууллагаас гаргасан авлигын индексийн судалгаагаар Монгол Улс дэлхийн 180 орноос 111 дүгээрт эрэмбэлэгджээ.
Илтгэлийн төгсгөлд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва “Цаашид нийслэлийн зүгээс авлига, хүнд суртлыг бууруулах үйл ажиллагааны бие даасан төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийг иргэд, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах саналтай байна” гэв.
Эх сурвалж: Нийслэлийн мэдээ