/2021.12.02/ Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
- Чөлөөт бүс гэдэг нь хөгжил авч ирэх боломж гэж харж байна. Зүгээр нэг Duty Free шиг ороод алкохол, тамхи аваад гардаг зүйл биш харин эдийн засгийн каластерийг хөгжүүлэх бололцоо байгаа юм. Блокчэйний экосистем үүсгэх боломжтой. Үүнтэй холбоотой бид том боломж алдлаа.
Хятадын хамгийн том Хуоби нэртэй криптовалютийн бирж Хятадаас нүүгээд Сингапурт очсон. Үүнийг авч ирэх боломж байсан. Виртуал хөрөнгийн хууль хэлэлцэж байгаатай холбоотой энэ боломжийг алдсан байж магад.
Банк яагаад салбараа байгуулахгүй байна вэ? Хятадад банкны хадгаламжийн дундаж хүү нь жилийн 1.5% байна. Дотоодын нэг банкны салбараа байгуулаад урт хугацааны 3%-ийн хадгаламжийн хүүтэй хэрэгсэл гаргаад, түүнийг нь дотоодын эдийн засагтаа оруулаад урт хугацаатай 6%-ийн зээл олгоод ажлын байр нэмэгдүүлээд хөрөнгө оруулалт хийх боломж байна.
Ажлын хэсэг тайлбар хийлээ:
“Цагааннуур” чөлөөт бүсийн захирагч А.Аманкелди:
- Блокчэйн, экосистемийг бий болгох нь зөв санаа. Үүнд эрчим хүчний найдвартай эх үүсвэр, хараат байдал, үнэ тариф маш чухал. Баруун бүсэд, нэн ялангуяа Цагааннуур чөлөөт бүс дээр тохиромжтой гэж үзэж байна. Үүнд:
- Одоо ажиллаж байгаа Дөргөний усан цахилгаан станц
- ОХУ-аас импортолж байгаа цахилгааны эх үүсвэр
- Эрдэнэбүрэнгийн 90мвт-ын усан цахилгаан станц ойрын хэдэн жилдээ ашиглалтад орохоор бүтээн байгуулалт хийгдэж байна. Энэ цахилгааны найдвартай эх үүсвэрийг ашиглаад Цагааннуур чөлөөт бүсэд блокчэйний экосистем бүрдэх боломжтой гэж үздэг.
Байгалийн сэрүүн таатай нөхцөлтэй. Дата төвийг ашиглахад манай бүсийн сэрүүн нөхцөл хөргөх нөхцлийг хангана.