Нарын эрчим хүчний холбоонд гишүүнээр элсэх асуудалд анхаарахыг хүсэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нарын эрчим хүчний холбоонд гишүүнээр элсэх асуудалд анхаарахыг хүсэв

/2021.11.25/: Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабха-гийн (Парламентын доод танхим) гишүүн, Гадаад харилцааны Төрийн сайд Ражкумар Ранжан Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Ражкумар Ранжан Сингхтэй уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс Энэтхэг Улсыг оюун санааны хөрш, “гуравдагч хөрш” хэмээн үздэг бөгөөд Энэтхэг Улстай хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг болохыг уулзалтын эхэнд цохон тэмдэглэв.

Тэрбээр, түүх, соёлын хэлхээ холбоо, чөлөөт, ардчилсан нийгэм, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж, “КОВИД-19” цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байна гэв.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабха-гийн (Парламентын доод танхим) гишүүн, Гадаад харилцааны Төрийн сайд Ражкумар Ранжан Сингх Монгол Улсын Их Хурлын даргатай биечлэн уулзаж байгаад баяртай байна гээд “КОВИД-19” цар тахлын хүнд энэ цаг үед Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад хийж буй анхны айлчлал болохыг танилцуулав. Тэрбээр, айлчлалынхаа хугацаанд Гандантэгчинлэн болон Бэтүб хийдэд зочилж, эртний гар бичмэлийг тоон хэлбэрт шилжүүлэх Санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн Гадаад харилцааны сайдтай уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхсан. Парламент хоорондын хамтын ажиллагаа нь манай хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй.

Тэрбээр үргэлжлүүлэн Энэтхэг, Монгол хоёр орны хамтын ажиллагааны гүүр болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулахад Улсын Их Хурлын даргын дэмжлэг чухал болохыг онцолж, түүхий тос тээвэрлэх хоолойн барилгын ажлыг тус үйлдвэр ашиглалтад оруулахаас өмнө дуусгах. Мөн Монгол Улс Олон Улсын Нарны эрчим хүчний холбоонд гишүүнээр элсэх тухай асуудал өнгөрсөн хугацаанд хөндөгдсөн бөгөөд элсэх эсэх асуудлыг хууль тогтоох дээд байгууллага хэлэлцдэг тул Улсын Их Хурлын даргыг энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар олон жилийн түүхтэй Монгол, Энэтхэгийн найрсаг харилцааг улам бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, парламентын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагаа чухал юм. Үүнд Элчин сайдын үүрэг чухал болохыг сайшаан тэмдэглэлээ.

Түүнчлэн Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, Энэтхэг Улсад коксжих нүүрс экспортлох асуудлаар хоёр улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд нягт холбоотой ажиллаж байгааг дурдаж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд Монгол Улсын Их Хурлын зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн Олон Улсын Нарны эрчим хүчний холбоонд гишүүнээр элсэх асуудлын хувьд Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дараа бид нэн тэргүүнд хэлэлцэн шийдвэрлэнэ гэлээ.

Ази, Номхон далайн бүс нутагт хамтдаа оршиж байгаа манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ харилцан дэмжиж, хамтарч ажиллаж ирсэн сайхан уламжлалтай. Цаашид ч энэ уламжлалаа хадгалж, “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: УИХ

МИНИЙ ТУРШЛАГА №8: Автобусанд арван минутын хожуу суувал ажлаасаа нэг цаг хоцорно
МИНИЙ ТУРШЛАГА №8: Автобусанд арван минутын хожуу суувал ажлаасаа нэг цаг хоцорно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.