/2021.11.26/ Замын түгжрэл оргилдоо хүрч ажил тарсан үеэр гэрлүүгээ хурдан харих нь биелэгдэшгүй даалгавар болжээ. Өдгөө манай улс 1.3 сая тээврийн хэрэгсэл, 1 сая 494 мянган жолооны үнэмлэхтэй иргэдтэй байгаа нь алгын чинээ газар түгжрэх шалтгаан болдог биз. Мөн ид ачааллын үеэр Улаанбаатар хотод нэг дор 500-600 мянган машин замын хөдөлгөөнд оролцдог гэх тоон мэдээлэл байна.
Түгжрэл их байгааг хаа хаанаа мэдэх ч нийтийн тээврийн автобусаар зорчход хэдэн цаг шаардлагатай байгааг ажиглалаа.
Байршил: 5 шараас Сүхбаатарын талбай хүртэл
Суух боломжтой нийтийн тээвэр:Т:2 чиглэлийн троллейбус, Ч:1 чиглэлийн эко автобус, Ч:1 чиглэлийн урт автобус. Ажил, хичээлдээ явж байгаа хэд маань жинхэнэ л мах чихэж байгаа аятай явна. Түмэнтэйгээ явахад дулаацах юм даа тэгээд.
Арваннэгдүгээр сарын 22, Даваа гараг
11 цагаас ажилтай байсан тул 10:00 цагт гэрээсээ гарав. /Таван шараас/
Урт автобус байсан тул дүүртлээ чихсэн байлаа. Өглөөний бужигнаан дууссан байх гэж бодсон ч хөл гишгэх зайгүй л байх... Ийнхүү түмэн олонтойгоо 13 буудал явсны эцэст буулаа. Цагаа хартал 11:38. Өглөөний цагаар, өдөр оройн цагаар байнга түгжирч байгаагийн илрэл энэ.
Арваннэгдүгээр сарын 23, Мягмар гараг
Өглөө найман цагаас ажилтай тул 06:52 цагт автобусандаа суужээ. Тухайн өдрийнхөө эхний автобусанд суучихлаа гэж баярласан ч аль хэдийн хоёр автобус замдаа гарсан байлаа. /2-3 буудлын цаана явж байв./ Эхний унаандаа сууж чадаагүй би ч барайгаад л явчихлаа. Тэр нь ч буруу байсангүй. Нэг цаг 24 минутын дараа /08:16 цагт/ Сүхбаатарын талбай дээр буулаа.
Эндээс л ойлгож байгаа юм, гэрээсээ гарахаар төлөвлөсөн цагаасаа 10-20 минутын өмнө гарч байж ажлаасаа хоцрохгүй гэж...
Арваннэгдүгээр сарын 24, Лхагва гараг
Өнгөрсөн өдрийн туршлага дээр тулгуурлан 06:38 цагт гарлаа /амжилт шүү/ Автобусанд хүн сийрэг, гаднаас ч их хүн суухгүй дажгүй л явчихлаа. Ердөө 40 минутанд /07:18 цагт/ зорьсон газраа ирсэн байлаа. Өглөөний найман цаг орчим, орой ажил тарах үеэр олон мянган хүн холхих...
Гэртээ харих зам:
17:17 цагт ажлаасаа гарч алхаж эхлэв. Багшийн дээд, МУИС, Хөгжим бүжиг бүгд л хүн ихтэй түгжирсэн байх тул ахлахаар боллоо. Ингээд түгжрэл арай бага байгаа хэсэгт "ТБД андууд" ирэхэд цаг 17:57 болсон байв. Дажгүй шүү. Удсан ч үгүй 18:04 цагт Т:2 чиглэлийн троллейбус ирлээ. Дүүрэн хүнтэй, сүүлд хаалгаар орсон хүн нь чирэгдэх шахам.
Арваннэгдүгээр сарын 25, Пүрэв гараг
Түгжрэлд өртөхгүй байх зүй тогтлоо олсон учраас яг л өмнөх өдрийн адил 06:36 цагт автобусандаа суулаа. Энэ удаад тухайн өдрийнхөө хамгийн эхний автобусанд сууж чадлаа. Яг энэ үеэр автобусанд хүн үнэхээр л сийрэг, огт хүний бөөгнөрөл үүсэхгүй. Яг л өнөөх автомат дамжуулагчийн "Зорчигч та маскаа зүүж, суудал хоорондын зайгаа барина уу" гэдэг нь биелэлээ олох шиг. Энэ удаад ажил эхлэхээс 48 минутын өмнө ирчихжээ.
Бидэнд нэг бол ажилдаа эрт оч, үгүй бол хоцроод цалингаасаа хасуул гэсэн сонголт таарах нь тэр. Миний олж мэдсэнээр аль болох эхний автобусанд суу, мөн ид ачааллын үеэр алхаж байхыг сурлаа.