/2021.11.25/: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд дарга, хатагтай М.Гошевскатай албан уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд сайд Г.Ёндон Монгол Улсын Засгийн газраас уул уурхай, геологи, хүнд үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, чиглэлийн талаар товч танилцуулаад цаашид салбарын хууль эрх зүйн хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлууд, хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. М.Гошевска энэ удаагийн айлчлалаар өргөн бүрэлдэхүүнтэй ирснийг тэмдэглээд, Монгол Улстай геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах, туршлага хуваалцах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд Пиотр Джиаджо, Уур амьсгал, байгаль орчны яам болон Улсын геологийн албаны төлөөлөгчид багтсан бөгөөд айлчлалын үеэр Монгол Улсын Үндэсний геологийн алба, Польшийн геологийн хүрээлэнтэй геологийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулсан юм.
Эх сурвалж: УУХҮЯ