/2021.11.17/ Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэллээ. Хуралдаанд аймгийн Засаг дарга нар болон Засгийн газрын гишүүд, Хотын дарга оролцож байна.
Хуралдаанаар МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнтэй холбоотойгоор санал дэвшүүлж, үг хэлж байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Тус хөдөлгөөнд ДНБ-ний 1 хувьтай тэнцэх хөрөнгийг зарцуулна гэсэн тооцоо байна. Энэ бол маш том тоо. Төр, хувийн хэвшлээс тус бүр хэдий хэр хэмжээний төсөв шаардагдах вэ гэдэг тооцооллыг гаргаж өгөх хэрэгтэй. Төр, хувийн хэвшлийнхэн нэгдэж 608 мянган мод тарих урьдчилсан тооцоо байна. Хувийн хэвшлийнхний тарьж буй модноос хамаарч татвараас хөнгөлөх, татварт тооцох эдийн засгийн хөшүүрэг байхгүй бол энэ хөдөлгөөний санхүүжилт нэлээд эрсдэл дагуулна. Энэ чиглэлээр Сангийн яам, БОАЖЯ-наас огтхон ч санал гаргаагүй байна.
Аймаг, сумдын засаг дарга нар 1-2 сая мод тарина гэж байгаа ч энэ тухайн орон нутгийн төсөвт хүндээр тусах магадлал байна. Энэ тал дээр тодорхой зохицуулалт байх шаардлагатай болов уу.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан: Мод тарьж буй иргэн, ААН-үүдийг урамшуулах асуудлыг МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт чиглэл болгож өгсөн байгаа. Хэдий хэр хэмжээний урамшуулал олгох тал дээр тооцоо судалгаа хийж байна. Өнөөдрийн байдлаар орон нутгууд мод тарьсан иргэд, хувийн хэвшлийнхнийг өөрсдийн төсвөөс урамшуулж байгаа. Мод тарих хөдөлгөөн эрчимтэй өрнөж байгаатай холбоотойгоор төсвийн ачаалал дийлэхгүй байх нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс 2022 оны нэгдүгээр сараас эхлэн мод тарих урамшууллыг татварын бодлого эсвэл мөнгөн урамшуулал байх эсэхийг хуулиар зохицуулахаар ажиллаж байна.
ХЗДХ-ийн сайд Нямбаатар: Мод тарихад хамгийн чухал ажил нь арчилж ургуулах. БНХАУ-ын хувьд тухайн модны ургалт насжилтаас шалтгаалж урамшуулал олгодог. Манайд мод тарисан ч, усалгаа арчилгааг орхигдуулдаг. Эхний модоо тарьчихаад дараагийн модоо тарих бодлого барих хэрэгтэй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, тарьж байгаа моднуудын эзэнжүүлэх хэрэгтэй. Нэг модыг арчлах хөлс хэд байх вэ гэдгийг тооцож гаргах шаардлагатай.
Түүнчлэн жимсний мод тарьж буй иргэдэд бизнес эрхлэх боломжийг бүрдүүлж, эдийн засгаар нь дэмжих хэрэгтэй. Тухайн иргэн тарьсан модныхоо жимсийг зарж борлуулах боломжоор хангах нь чухал.