/2021.11.12/ УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа.
2022 онд вакцинжуулалтын үр нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагааг бүрэн нээж эдийн засгийг сэргээх, гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг эхлүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслүүдийг түлхүү хэрэгжүүлж эдийн засгийг тэлэх, “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийг 5.0 хувийн өсөлттэй байна гэж тооцсон байна.
Ирэх 2022 онд төсвийн орлогын чиглэлээр эдийн засгийн сэргэлтийг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, төрийн өмчийн хуулийн этгээдийн хөрөнгийн өгөөжийг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төрийн хяналт шалгалтыг оновчтой, түргэн шуурхай болгох зэрэг бодлого хэрэгжүүлэх юм.
Харин төсвийн зарлагын чиглэлээр төр зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллахаар тусгажээ. Тодруулбал, төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ажлын ачааллыг нягтруулах, чиг үүргийг оновчтой хуваарилах зорилгоор тодорхой зохицуулалт хийх, бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулах, зарим төрлийн зардлыг 50-100 хувь хязгаарлах аж.