/2021.11.12/ Балетмейстер, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, УДБЭТ-ыг үндэслэгчдийн нэг Б.Жамъяандагва тэнгэрт дэвшлээ.
Б.Жамъяандагва нь 1932 онд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн. 1948-1954 онд Офицерийн сургууль, 1962 онд ОХУ-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит ТУДС-ийг хөгжмийн театрын найруулагч, балетмейстер мэргэжлээр төгссөн. УДБЭТ-т уран сайхны удирдагчаар 2001-2013 онд, 1963 оноос өдийг хүртэл ерөнхий балетмейстерээр ажиллажээ. П.И.Чайковский “Хунт нуур”, Ж.Чулуун “Уран Хас”, Э.Чойдог “Мөнгөн залаа” балетыг дэглэн найруулсны учир 1980 онд Төрийн шагнал, 1973 онд УГЗ, 2003 онд Ардын жүжигчин, 2008 онд Хөдөлмөрийн баатар цол тус тус хүртсэн. Монгол Улсад сонгодог бүжгийн урлагийг хөгжүүлэх, дэлхий дахинаа сурталчлахад онцгой гавъяа байгуулсан уран бүтээлч юм.
1963 оноос хойш өнөөг хүртэл 32 балетыг тайзнаа тавьж, хореограф, балетмейстерээр ажилласан тэрээр Японы Токио хотод болсон Ази-Номхон далайн орнуудын олон улсын балетын конкурст 1976, 1978, 1980, 1991, 2002, 2003, 2005 онд, Москвагийн Олон улсын конкурст 1977, 1981, 1985, 1989 онд, Пермийн Олон улсын конкурст 2002, 2004 онд тус тус ажиллаж байсан туршлагатай. 1981 онд Олон улсын балетын жүжигчдийн 4-р конкурсын “Орчин үеийн шилдэг бүжиг дэглээч”-ийн тэргүүн шагнал хүртжээ.
Гүн эмгэнэл илэрхийлье.