/2021.11.11/: Өнөө өглөөг УЛААНБААТАР ХОТЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН ТАЛААР ярилцсан ажил хэрэгч уулзалтаар эхлүүллээ.
Уулзалтад тус салбарын төрийн бус байгууллага, дүүргүүдийн ТҮК, хувийн болон орон нутгийн өмчит компаниудын төлөөлөл оролцож байна.
Улаанбаатар хотод жилд 1.4 сая тонн хог хаягдал үүсдэг ба үүний 11.4%-ийг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Хог хаягдлыг дахин боловсруулах жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт бүртгэлтэй 36 үйлдвэр байдгаас 17 үйлдвэр нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Нийслэл Улаанбаатар хотын хүн ам, эдийн засаг, хотжилт, шилжилт хөдөлгөөний өсөлтөөс шалтгаалан Улаанбаатар хотоос гарах хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж байна. Тухайлбал хог хаягдлын хэмжээ сүүлийн 5 жилд 18.3%-аар өссөн бөгөөд 2040 он гэхэд өнөөгийн түвшнөөс 21%-иар өсөх тооцоолол байна.
Улаанбаатар хотод гэр хороололд амьдардаг 201,000 өрх байгаа ба сайжруулсан түлшийг хэрэглэж байна. Хогны бүтэц, үүсэх хэмжээг тогтоох талаар 2019 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын айл өрхөөс гарч байгаа ахуйн хог хаягдлын 48.2%-ийг үнс эзэлж байна. Иймээс сайжруулсан түлшний үнсийг дахин ашиглах, боловсруулах талаар олон туршилтын ажлыг хийж байна.