/2021.11.11/: Дорнод аймагт орших Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Степ голд” компани уг төслийн хоёр дахь шатны ажилд зориулж 65 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулснаа мэдээллээ.
Уг санхүүжилтийн дийлэнхийг буюу 59.7 сая ам.долларыг (170 гаруй тэрбум төгрөг) Алт-2 хөтөлбөрийн хүрээнд олгож буй зээлээр бүрдүүлж байна. Зээлийн санхүүжилтийг Монголбанкнаас Худалдаа, хөгжлийн банкаар дамжуулан гурван жилийн хугацаатайгаар олгож буй бөгөөд зээлийн хүү нь жилийн 9%-тай байх ажээ.
Үүнээс гадна Худалдаа хөгжлийн банктай тус компани нэг жилийн хугацаатай 5 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулсан байна.
“Степ голд” компанийн хувьд ирэх оныг олборлолтоо нэмэгдүүлж, Алтан цагаан овоо ордын хоёр дахь үе шатны барилгын ажилд шаардлагатай дараагийн санхүүжилтийг бүрдүүлсэн өсөлтийн жил болох төсөөлөлтэй байгааг мэдээлжээ.
Төслийн өргөтгөл шатны ТЭЗҮ-ийг саяхан боловсруулж бүрэн дууссанаа компани зарласан. Уг судалгаагаар өргөтгөл төслийн хүрээнд жилд 2.2 сая тонн хүдэр боловсруулж, жилд дунджаар (эхний таван жилд) 106 мянган унц алт үйлдвэрлэх юм байна. ТЭЗҮ-д дурдсанаар уурхай нийт 12.5 жил ажиллах бөгөөд борлуулалтын нийт орлого 1.72 тэрбум ам.доллар байх тооцоо гарчээ.
Ингэхдээ алтны борлуулалтын ханшийг унц тутамд 1610 ам.доллар байхаар төсөөлсөн бол алт олборлолтын зардал унц тутамд 853 ам.доллар байх ажээ.
Мөн өргөтгөл төслийн үйлдвэрлэлийн эхний гарц 2023 оны дөрөвдүгээр улиралд байх төлөвтэй байна. Өргөтгөл төслийн хөрөнгө оруулалтын зардал 128 сая ам.доллар байх урьдчилсан тооцоо гарчээ. Ирэх он болон 2023 онд уурхайгаас нийтдээ 100 мянган унц алт олборлох төлөвтэй байгаа нь төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг бүрдүүлэхэд ихээхэн дөхөм болно гэж компанийн зүгээс тайлбарлалаа.