/2021.11.11/: Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Тээврийн ажлын хэсгийн 16 дугаар хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 10-нд зохион байгуулагдлаа.
Тээврийн ажлын хэсгийн ээлжит хуралдааныг Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Оросын талаас ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд В.А.Токарев нар удирдаж, 2020 оны хуралдаанаар тохиролцсон ажлуудаа дүгнэж, 2022 оны хийх ажлуудаа хэлэлцэн тохиролцов.
Энэ хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаа өргөжиж, ачаа тээврийн хэмжээ тогтмол нэмэгдэн 2020 онд 30 сая тоннд хүрсэн бөгөөд цаашид ч улам нэмэгдэх төлөвтэй байгаа юм.
Ийм учраас замын их засвар хийх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэл хийх зэрэг төлөвлөгөөг хэлэлцэж хөгжлийн хэтийн төлөвт чиглэсэн урт хугацааны туршид шийдэгдээгүй байсан олон асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ахиц дэвшил гарган ажилласан талаар талууд онцлон тэмдэглэж, үр бүтээлтэй ажилласан жил болсон гэдэгт хоёр тал санал нэгдлээ.
ОХУ-ын Москва хотноо 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, ОХУ-ын Тээврийн яам хооронд “Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай хэлэлцээр”-ийн хүрээнд төмөр замын салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор жилд 85 хүртэлх оюутныг ОХУ-ын зардлаар сургахаар тохиролцов.
Энэхүү Тээврийн ажлын хэсэг нь жил бүр хуралдаж тээврийн салбарт шийдвэрлэх шаардлагатай, тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцэн, ирэх жил хэрэгжүүлэх ажлуудаа тохиролцож Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралд үр дүнгээ илтгэн оруулдаг хоёр талын хамтын ажиллагааны механизм юм.
Эх сурвалж: ЗТХЯ