/2021.11.09/: Tesla Inc (TSLA.O)-ийн гүйцэтгэх захирал Элон Маск Теслагийн хувьцааныхаа 10 орчим хувийг зарах ёстой эсэх талаар олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэглэгчдээс асуусан Twitter санал асуулгад оролцсон хүмүүсийн 57.9 хувь нь хувьцаагаа зарах ёстой гэж үзжээ.
Санал хураалт дууссаны дараа Маск "Би аль ч үр дүнг хүлээн авахад бэлэн байсан" гэж хэлжээ.
Дэлхийн хамгийн баян хүн өнгөрсөн бямба гарагт твиттер хуудсандаа хэрвээ хэрэглэгчид энэ саналыг зөвшөөрвөл хувьцааныхаа 10 хувийг зарна хэмээн жиргэжээ. Маск өмнө нь ойрын гурван сарын хугацаанд олон тооны хувьцааны опционыг хэрэгжүүлэх шаардлагатай болж, энэ нь татварын томоохон төлбөрийг бий болгоно гэж хэлж байсан. Тэрээр хувьцааныхаа зарим хэсгийг зарснаар татвар төлөх хөрөнгийг чөлөөлөх боломжтой.
Зургаадугаар сарын 30-ны байдлаар Маскийн Тесла дахь хувьцааны хэмжээ 170.5 сая орчим байсан 10%-ийг худалдсанаар Баасан гарагийн хаалтын дүнгээр ойролцоогоор 21 тэрбум ам.доллар болно гэж Ройтерс агентлаг тооцоолсон байна.
Санал асуулгад 3.5 сая гаруй хүн хамрагдсан байна.
Бямба гарагт Маск хэлэхдээ, "Сүүлийн үед бодит бус зүйлээс ашиг орлого олсон хэмээн татвар авах нь их болж байна. Тиймээс би Теслагийн хувьцааныхаа 10 хувийг зарахыг санал болгож байна" гээд Маск "би хаанаас ч бэлэн мөнгө, урамшуулал авдаггүй" гэж нэмж хэлэв.
АНУ-ын Сенатын Ардчилсан намын гишүүд ерөнхийлөгч Жо Байдены нийгмийн зардлын хөтөлбөрийг санхүүжүүлэх, хөрөнгийн өгөөжийн татварыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах боломжийг олгосон цоорхойг нөхөхөд туслах зорилгоор тэрбумтнуудын хувьцаа болон арилжаалагдах бусад хөрөнгөд татвар ногдуулах саналыг танилцууллаа.
Маск уг саналыг шүүмжилжээ.
Татварын төслийг өргөн барьсан Сенатын Санхүүгийн хорооны дарга Рон Уайден бямба гарагт "Дэлхийн хамгийн баян хүн татвар төлдөг эсэх нь Твиттер дэх санал асуулгын дүнгээс хамаарах ёсгүй" гээд "Тэрбумтнуудаас орлогын албан татвар авах цаг нь болсон" гэж мэдэгджээ.
Хувьцааны опционыг оруулаад, Маск дэлхийн хамгийн үнэ цэнэтэй автомашины компани болох Теслагийн 23 хувийг эзэмшдэг бөгөөд зах зээлийн үнэлгээ нь саяхан нэг их наяд доллараас давсан байна. Тэрээр мөн SpaceX зэрэг бусад үнэ цэнэтэй компаниудыг эзэмшдэг.
Түүний ах Кимбал Маск баасан гарагт Теслагийн 88,500 хувьцааг зарж, дээд амжилт тогтоосон ба Теслагийн олон тооны хувьцааны үнийг буулгасан хамгийн сүүлийн ТУЗ-ийн гишүүн болжээ.
Маск долоо хоногийн өмнө твиттер хуудсаараа дамжуулан Теслагийн хувьцааг зургаан тэрбум ам.доллараар зарж, НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрт (ДБХП) тухайн байгууллага мөнгийг хэрхэн зарцуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл хандивлана гэж мэдэгдсэн.
“Ирээдүйн сан”-гийн багцын менежер Гари Блэк Маскийн боломжит хувьцааны борлуулалт нь "1-2 хоногийн борлуулалтын дарамтад" хүргэнэ гэж мэдэгдсэн ч хувьцааг хямд үнээр худалдаж авах байгууллагын эрэлт хэрэгцээ байна гэж мэдэгджээ.
Маск хувьцааны үнэ буурч болзошгүй тул татвар төлөхийн тулд хувьцааны эсрэг зээл авахыг хүсэхгүй байна гэж мэдэгджээ.
Түүнд тус бүр нь 6,24 ам.долларын үнэтэй 22,86 сая ширхэг хувьцаа худалдаалах сонголт байгаа бөгөөд арилжаалах хугацаа нь ирэх оны наймдугаар сарын 13-нд дуусна гэж Тесла компанийн мэдэгдэлд дурджээ. Теслагийн хувьцааны баасан гаригийн хаалтын үнийг 1,222.09 ам.доллараар тооцвол ойролцоогоор 28 тэрбум долларын ашиг олохоор байна.
Эх сурвалж: reuters.com