/2021.11.08/ УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, "2022 онд маш их алдагдалтай төсөв батлах гэж байна. Ирэх оны төсөвт эдийн засгаа тэлэх, орлого олох талаар нааштай зүйл огтхон ч тусгагдаагүй байна. Ковидын үед тэвчиж болох, маш олон үр ашиггүй зардлуудыг тусгасан. Тухайлбал, музей, улаан булан барих гэх мэт. Юмны үнэ нэмэгдчихсэн, инфцляци хоёр оронтой тоо руу орчихсон энэ үед цалин, тэтгэвэр нэмэх талаар ямар ч зүйл ирэх оны төсөвт байхгүй гэж үзэж байна. Тиймээс ирэх оны төсвийг татаж, сайжруулах хэрэгтэй" гэв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, "Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэж байдаг. Үүнд хуучин сангийн сайдаар ажиллаж байсан болон Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс багтдаг. Тус зөвлөлийн зүгээс энэ жилийн төсөв дээр ирээдүйн өв сангийн тухай, уул уурхайн бүтээгдэхүүн, ДНБ-ний тал дээр асар шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэтэл энэ бүгдийг харгалзаж үзэхгүйгээр үр ашиггүй зарлага ихтэй төсөв батлах гэж байгаад гайхаж байна. Ардчилсан намын зүгээс ч гэсэн шүүмжлэлтэй байна" гэлээ.