/2021.11.08/: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс өвөлжилтийн бэлтгэлд онцгойлон анхаарахыг үүрэг болгосон. Энэ дагуу мэргэжлийн байгууллагууд дараах мэдээллийг өглөө.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Улаанбаатар хотын хэмжээнд тусгай зориулалтын бодис 2000 тонн, давс 500 гаруй тонныг нөөцлөөд байна. Тусгай бодис дахин 2000 орчим тонныг татан авна. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэж байсан. Тэгэхээр энэ оны нөөцлөлт хангалттай гэж үзэж байна. Хот, нийтийн аж ахуйн байгууллагууд цас орж, халтиргаа үүсэх үед хүндрэл үүсгэхгүйн тулд анхааран ажиллаж байгаа” гэлээ.
Өвөлжилтийн бэлтгэлд дүүргүүд хэрхэн анхаарч байгааг Хотын дарга тодруулав.
Баянзүрх дүүрэг сайжруулсан шахмал түлшний хүрэлцээ хангамжид анхаарч байгаа бол Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 80 гаруй хувьтай байгаа аж. Баянгол дүүрэгт 32 цэгээр сайжруулсан түлш түгээж буй бөгөөд ойрын хугацаанд 10 цэг нэмэхээр ажиллаж буй юм байна. Чингэлтэй дүүргийн хувьд Ажлын хэсэг байгуулан, өвөлжилтийн бэлтгэл хангажээ. Сүхбаатар дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл 97 хувьтай, сайжруулсан түлшний 73 цэг ажиллаж байна.
Налайх дүүргийн тухайд тулгамдсан асуудал цөөнгүй байгааг дүүргийн Засаг дарга онцолж байлаа. Энэ жилээс Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах ажил хойшлогдсонтой холбоотойгоор иргэд бухимдуу байгаа гэнэ. Харин Багахангай дүүргийн өвөлжилтийн бэлтгэлийн 94 хувь нь биелжээ.
Эх сурвалж: НЗДТГ