/2021.11.02/ Өнөөдөр олон улсын сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг ялгүй болгохыг зогсоох олон улсын өдөр тохиож байна. Энэ талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО албан ёсны твиттер хуудаснаа ийнхүү жиргэжээ.
Сэтгүүлчид байхгүй бол сэтгүүл зүй гэж байхгүй.Сэтгүүл зүйгүй бол ардчилал гэж байхгүй.Сэтгүүлчийн эсрэг үйлдсэн заналхийлэл бүр таны эрх чөлөөнд халдах юм.#Сэтгүүлчдийг_Хамгаацгаая!
2006-2020 оны хооронд дэлхий даяар 1200 гаруй сэтгүүлч амиа алджээ. Харамсалтай нь 10 хэргийн 9 орчим нь шүүхээр шийдэгдээгүй хэмээн ЮНЕСКО-гийн амь үрэгдсэн сэтгүүлчдийн ажиглалтын төвөөс мэдээлж байв.
Энэ өдөр дэлхий даяар байгууллага, хувь хүмүүс улс орондоо шийдэгдээгүй байгаа хэргүүдийн талаар ярьж, төрийн болон төрийн дотоод албан тушаалтнуудад захидал бичиж, арга хэмжээ авах, шударга ёсыг тогтоохыг шаарддаг юм.
Глоб интернэшнл ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэн:
Эмэгтэй сэтгүүлчид заналхийлэл, халдлагад өртөх нь түгээмэл бөгөөд нэн ялангуяа, цахим орчинд халдлагад ихэд өртөж байна Эмэгтэй сэтгүүлчдийн 73 хувь нь ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө цахим заналхийлэлд өртдөг. Эдгээр нь айлган сүрдүүлэх, доромжлох зэргээр илрэн гарч байна гэв.