/2021.10.20/: Эрүүл мэндийн сайд С.Энхболд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд М.П.Сингхыг 2021 оны аравдугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Энэтхэг Улсын Засгийн газраас хандивласан 150 мянган тун АстраЗенека Ковишилд вакциныг хүлээн авснаар Монгол Улсын Засгийн газар цар тахлын эсрэг тэргүүн шугамд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудаа вакцинжуулалтад хамруулж улмаар өргөжүүлэх боломжтой болсныг тэмдэглэж, салбарынхаа нэрийн өмнөөс болон Засгийн газрын нэрийн өмнөөс Энэтхэгийн Засгийн газар, ард түмэнд талархлаа дахин илэрхийлэв. Дээрх дэмжлэг Монголын ард түмэнд том дэм тус болсон бөгөөд цаашид хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө дэмжлэг үзүүлж ажиллахаа дахин нотлов.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хувьд Коронавируст халдварын нөхцөл байдал харьцангуй намжиж, КОВИД-19 халдварын цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд хиймэл оюун ухаан болон бусад шинэ технологийг ашиглаж байгаа талаар Элчин сайд М.П.Сингх онцолж, шинжлэх ухаан, биотехнологийн ололт амжилт, шинэ технологиос хуваалцах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Эдгээр болон бусад сонирхсон чиглэлүүдээр Энэтхэг Улстай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, ялангуяа анагаах ухаан, биотехнологийн салбарын шинэ ололтоос нэвтрүүлэх талаар ажиллах хүсэлтэй байгаагаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд илэрхийллээ.
Эх сурвалж: ЭМЯ