/2021.10.20/ Тээвэрчдийн төлөөлөл Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг шүүхэд өгч, "Эко жишиг тээвэр төсөл"-ийн санхүүгийн баримтыг танилцуулж мэдээлэл хийлээ.
"Баянзам" ТББ-ын тэргүүн П.Баярхүү, "Л.Халтар сайд ЗГ-ын ордонд мэдэгдэл хийснээс хойш бидэнтэй огт уулзаагүй. Өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр "Баянзам" тээвэрчдийн холбоог илт гүжирдсэн. Биднийг тээвэрчдийг дарамталж мөнгө татдаг, мөнгө угаадаг гэж буруу ташаа мэдээлэл хийсэн. Тиймээс манай байгууллагын нэр төрд халдсан гэж үзэн Л.Халтар сайдыг шүүхэд өгч байна. Долоодугаар сараас хойш монгол тээвэрчид явдаг Чойрын замд 12 удаагийн шалгалт оруулсан. Гэтэл Хятад тээвэрчдийн явдаг 230 гаруй км Цогтцэцийн замд нэг ч удаа шалгалт хийгээгүй" гэв.
Түүнчлэн аж ахуй нэгжүүдийн төлөөлөл, "Тавантолгой-Чойр" чиглэлийн авто замд 160 орчим дотоодын ААН үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ зам дээр 2500-3000 орчим жолооч амьдралаа залгуулдаг. Эдгээр хүмүүсийн эдийн засаг нам зогслоо. Өдөрт 1 сая орчим доллар улсын төсөвт оруулдаг. Бид нар өөрсдөө сайн дурын үндсэн дээр замын мөнгийг нэмэгдүүлсэн.Тээвэрчдийг ажилтай орлоготой байлгаж, замаа сайжруулхыг зорьж байсан ч энэ асуудлаас болоод тээврийг зогсоолоо. Төр засгийн эргэж буцсан шийдвэрээс болж маш олон ААН-үүд хохирч байна" гэлээ.