/2021.10.14/ Орон нутгийн онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчид төр захиргааны байгууллагын барилга байгууламжид галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативыг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг явуулж байна.
Энэ хугацаанд 85 барилга байгууламжид хяналт шалгалт явуулсан байна. Үүнээс гал түймэр гарч болзошгүй 543 зөрчлийг илрүүлж, 95 зөрчлийг арилгуулжээ.
Мөн бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 60, мэдэгдэл 13, дүгнэлт 12-ыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна.
Хяналт шалгалтын үр дүнд зарим барилга байгууламж, объектын хийц бүтцийг өөрчлөх, өргөтгөл хийх зураг төслийг зохиоход галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж мөрдөөгүй гэж дүгнэжээ.
Түүнчлэн стандартын шаардлага хангаагүй цахилгааны утсаар монтажласан, агааржуулалт, утаа зайлуулах системийн ашиглалтын хэвийн байдлыг хангаагүй, шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдал хангагдаагүй зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.
Хяналт шалгалт энэ сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ.