/2021.09.28/ Коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэд хоёр сар буюу 60 хоногийн дараа сэргээх тун хийлгэх юм байна.
Харин бусад иргэд вакцины хоёр дахь тунд хамрагдаад 90 хоног буюу гурван сар болсны дараа сайн дурын үндсэн дээр нэмэлт тунд хамрагдана гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд хэллээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хүн амын нэмэлт сэргээх тунгийн хамрагдалт 11 хувьтай байна. Гурав дахь тунгийн дархлаажуулалтыг эхлээд 20 хонож байгаа ч иргэд эхний хоёр вакцинд хамрагдсан шиг идэвхтэй биш байна гэв. Гэхдээ вакцины гуравдугаар тунд хамрагдах нь коронавирусээс сэргийлэхэд нэн тустай гэдгийг онцолмоор байна гэв.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд, "Дэлхийн улс орнуудын туршлагаас харсан ч гурав дахь тунг чухалчилж байна. Азийн орнуудаас Камбож, Европын орнуудаас Франц, Герман зэрэг орон гурав дахь тунг есдүгээр сараас эхлэн хийж байна. Мөн ОХУ, Израйл, Турк зэрэг орнууд ард иргэддээ санал болгох хэмжээнд байгаа. Гурав дахь тун нь өмнө хийгдсэн хоёр тунгийн нөлөөгөөр биед бүрэлдсэн эсрэг биетийг сэргээх онцлогтой. Өөрөөр хэлбэл, гурав дахь тун хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл улам сайжирна" гэлээ.