Гарааны бизнес эхлүүлэх алхам №1: Тууштай байх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гарааны бизнес эхлүүлэх алхам №1: Тууштай байх

/2021.09.18/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг ICT expo энэ жил “Цахим үндэстэн” нэр дор нээлтээ хийлээ.

Цахим орчинд иргэд “Цар тахал дэгдсэн хэцүү цагт олон залуусыг нэг дор цуглуулсан үйл ажиллагаа боллоо” хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа. Нэгэнт коронавирустэй зохицож амьдрах шаардлага гарсан хэдий ч хүн зөрөхийн аргагүй олон хүн цугларсанд бухимдах нь арга ч үгүй биз ээ.

Гэсэн ч одоо үндсэн яриандаа оръё. Техник, технологийн дэвшилтэт шинэ бүхнийг иргэдэд нээлттэй танилцуулдаг энэхүү үзэсгэлэнд томоохон байгууллагууд оролцож нүд баясгаж, чих дэлдийлгэлээ. Өндөр хурдны 4G LTE үйлчилгээнд дасан зохицох ахуйд аж үйлдвэрлэлийн дараагийн эрин болох 5G сүлжээний танилцуулгыг харлаа. 4G LTE сүлжээнээс хэдэн зуу дахин илүү хурдтай үйлчилгээг монголын үүрэн холбооны операторууд бэлтгэж байгаа аж.

Зургийг: Digital Nation

Үүрэн телефон гэснээс улаан, цэнхэр, ногоон, шар өнгийг хоногшуулсан компаниуд дээр нэмэгдэж “ОНДО” үйлчилгээ мэндлэх гэж байгаа талаараа мөн танилцуулсан билээ.

Мобиком, Юнител, Ард санхүүгийн нэгдэл, ОРИ зэрэг томоохон байгууллагуудын асар сүр хүчтэй сүндэрлэж байлаа.

Дээрх байгууллагуудаас илүү нүдэнд туссан хэсэг нь гарааны бизнесээ танилцуулж буй залуус байрлах асар байсан юм. Том цагаан асарт хоёр эгнээ тус бүр арван байгууллага багтсан байлаа. Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой гэх зүйрлэл тэр хэдэн залуус дээр үнэхээр тусч байв. Өөрсдийн гараар бүтээсэн чимэглэл, олон жилийн судалгаан дээр үндэслэн бий болсон бүтээгдэхүүнээ чин сэтгэлээсээ тайлбарлаж, тэр нь ч ирээдүйд үр өгөөжөө өгч чадах итгэл төрүүлж байлаа.

Тэдэн дундаас зургаан байгууллагаас дараах асуултыг асуулаа.

Шинэ санаа бодож олоод, гарааны бизнесээ эхлүүлэх гээд төөрч будилж яваа залууст гарааны бизнесээ эхлүүлэхэд анхаарах зөвлөмжийг өгөөч?

Тэд ийн хариулсан юм.

Бүхий л төрлийн цахим хуудсанд автомат хариулагч өгөх хөгжүүлэлтийг хийсэн SOCIAL BOT-ын хамт олон:

  • Старт апын санаа бол зөвхөн эхлэл. Түүнийг амжилттай дуусгахад таны дадал зуршил, амьдралын хэв маяг маш чухал.

Худалдааны байгууллагыг харилцагчтай нь холбож өгөх ЗОЧИЛ аппликэйшний хамт олон:

  • Таны бодож олсон санаа хэрэглэгчдийн асуудлыг шийдсэн байх хэрэгтэй. Асуудал тулгарсан үед түүнийг шийдэх шийдлийг хэрэглэгчид хайдаг.
  • Бид олон санааг барьж аваад бүтэлгүйтэж байлаа. Аливаа зүйл эхлэхэд бэрхшээл тохиолддог. Үүнийг давж, тууштай байгаарай.

Орцны хаалганд Орос домофон л байх ёстой гэж үү? Үгүй шүүдээ, “Мобайл домофон”-ы инженер залуус орос домофоныг бодвол хавь илүү ухаалаг домофоныг зохион бүтээжээ.

  • Старт ап эхлэх гэж буй залуустаа хандаж хэлэхэд зорилгодоо тууштай үнэнч байгаарай гэж хэлье.

Монгол уран бүтээлчдийн зурсан зургийг даавуун пудволк дээр хэвлээд хүргэж өгөх боломжийг бүрдүүлсэн “Гэрү” аппликэйшний хамт олон:

  • Тууштай байгаарай.

Цаг бүртгэлийн ухаалаг аппликэйшн, үйлчилгээний байгууллагад санал хүсэлт илгээх боломжийг бүрдүүлэх апп, болзооны апп, кино контентийн үйлчилгээний аппликэйшнийг хөгжүүлэгч “Текстрийм ХХК”-ий хамт олон:

  • Эхлэх нь хамгийн том шат. Эхэлснийхээ дараа эхний бүтээгдэхүүнээ гаргах хүртлээ шантрахгүй байх нь чухал юм шүү.

Ажилсаг, шаргуу хөдөлмөрлөж өнөөдрийн үзэсгэлэнд оролцсон залуусын хэлж байгаа өгүүлбэр бүрт “тууштай байгаарай” гэх үг туссаныг анзаарав уу? Хэрэв танд хүн бүрийн амьдралыг улам энгийн, хялбар болгох санаа буусан бол түүнийгээ зах зээлд гарах хүртэл нь тууштай судлахыг захисан байна.

Магадгүй та алс хэтэд ICT expo-д оролцох томоохон байгууллагын нэг болж хөрөнгө оруулагч ч болохыг үгүйсгэхгүй шүү дээ. Амжилт хүсье.

Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг ил болголоо
Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг ил болголоо
 
Хянан шалгах түр хорооны ээлжит сонсголыг 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд товлолоо
Хянан шалгах түр хорооны ээлжит сонсголыг 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд товлолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.