/2023.04.06/: Өсвөр насны хүүхдүүд бүлэглэн зодолдож улмаар нэгнийгээ автомашинаар мөргөж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад багагүй хугацаа өнгөрчээ.
Тэгвэл тэдгээр хүүхдүүдэд холбогдох шүүх хурал Дорнод аймагт өнгөрсөн сарын 31-ний өдөр болсон байна. Тэдгээр хүүхдүүдэд авсан шүүхийн шийдвэрийн талаарх эмхтгэлийг хүргэж байна.
Прокуророос нэр бүхий 10 яллагдагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхдээ иргэн Д-г хоёр түүнээс олон хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт, бусад 9 яллагдагчийг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Өсвөр насны 10 шүүгдэгч нар нь 2021 оны долоодугаар сард нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж, хоорондоо зодолдож, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг гэмтээж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, улмаар Д нь тээврийн хэрэгслээр С-г мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д-г тээврийн хэрэгслийг жолоодож нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж улмаар бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэн 4 жилийн хорих ял оногдуулсан.
Харин бусад 9 шүүгдэгчийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Эх сурвалж: ШҮҮХ