
/2023.4.3/ Өнөөдрийн байдлаар малчдын ердөө 30 хувь нь Нийгмийн даатгалд хамрагдаж байна. Тиймээс малчдын нийгмийн даатгалын хамрагдалтын хүрээг өргөжүүлэх зорилгоор тэдний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар бүр төлж байх заалтыг Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд тусгажээ.
Улсаас энэхүү шимтгэлийг 5 жилээс ихгүй хугацаагаар төлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн бусад онцлох заалтуудыг дурьдвал:
- Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан хугацаанд сайн дураар давхар даатгуулахгүй.
- Хуулийн шинэчлэлийн хүрээнд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэвэр авах шударга тогтолцоо бүрдэх,
- 20-иос дээш шимтгэл төлсөн жил тутамд тэтгэвэр бодох хувийг 2029 оноос нэмэгдүүлэх,
- нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсхүл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх,
- тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан 7 жилийг 5 жил болгох,
- нэрийн дансыг даатгалын сангийн орлого, зарлагын зохистой харьцаанд үндэслэн мөнгөжүүлэх зэрэг асуудлуудыг хуулийн төсөлд тусгажээ.
Улсын Их хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо тус хуулийн төслийг орон нутагт танилцуулах ажлыг хийж байна.