/2023.4.3/ Хятад улсын засгийн газар хүний наймаа, хүүхэд алга болох гэмт хэрэгт ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг олон улсын байгууллагууд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
ХУЛГАЙЛСАН ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХОТ ТОСГОДОД
ЭХНЭР БОЛГОН ХУДАЛДААЛДАГ
Хятадад нэг хүүхдийн бодлогыг 1980 оны эхнээс баримталсан бөгөөд өдгөө хүйсийн тэнцвэр нь алдагдсан нь томоохон асуудал болоод байна. Үүнтэй холбоотойгоор сураггүй алга болсон охид, эмэгтэйчүүдийг хил давуулан худалдаалахаас илүүтэй өөр хот, тосгодууд руу худалдаалах явдал ихээр гарах болжээ.
2017-2020 оны хооронд Хятадын шүүхүүд дээр хүн худалдаалсан гэмт хэргийн хохирогч болсон 1250 эмэгтэйн хэргийг шийдвэрлэжээ. Гэхдээ эдгээр хэргийн хохирогчид нь голдуу дээр өгүүлсэнчлэн хот тосгод хооронд худалдаалагдсан байжээ.
Үүний нэг жишээ нь, өнгөрөгч оны нэгдүгээр сард хятадын интернэт орчинд шуугиан тарьсан нэг хэрэг байв. Хятадын нэгэн блоггер Жиань Су мужид, найман хүүхдийн эх гэх эмэгтэйг хүзүүнээс нь гинжлэн амьдруулж байгаа талаарх видеог нийтэлснээс энэ хэрэг эхэлсэн юм. "Яагаад тэр эмэгтэй өвлийн хүйтэнд, хүзүүндээ гинжтэй атлаа найман хүүхдийн эх, бага хүүхэд нь бүр нялхаараа байгаа юм бэ" гэх мянга мянган асуултаар интернэт давалгаалсан тул тухайн хэргийг тодруулахаар цагдаа нар ажиллажээ.
Гэвч удалгүй тухайн эмэгтэй нь 1998 онд хулгайлагдаж, 5000 юаниар зарагдсан бүсгүй болох нь тогтоогджээ. Ингээд эмэгтэйг хулгайлсан цагаасаа гинжилж, хүчирхийлж, 8 хүүхдийн ээж болгосон байжээ. Мөн бүсгүй сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон байна.
Мөн 2021 онд өөрийн 5 хүүхдээ тус бүрийг нь 20-80 мянган юаниар зарсан хятад аав 10 жилийн хорих ялыг авсан хэрэг хятадад шуугиан тарьж байсан юм.
Энэ мэт хэрэг хятадад олон мянгаараа гардаг. Яагаад?
Хятадад хүний наймааны золиос болсон эмэгтэйчүүд, хүүхдүүдийг худалдаж авах нь хууль бус ургамал, амьтан худалдаж авахаас бага хорих ял авдаг хэмээн өнгөрөгч онд SCMP гэх Хятадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл шүүмжилж байв.
Учир нь хүний наймааны золиос болсон эмэгтэйчүүд, хүүхдийг худалдаж авсан хүн ердөө гурван жилийн хорих ял авдаг ажээ. Хэрэв тухайн худалдан авагч ямар нэгэн хор хохирлыг тухайн хүнд үзүүлээгүй бол түүнээс ч бага ял авдаг гэнэ.
Зөвхөн хятад эмэгтэйчүүдийг ч бус өмнөд ази, африкийн бүсгүйчүүдийг хулгайлж, хулгайлсан охид бүсгүйчүүдийг 30 мянган доллараар "бэр" болгон зардаг байна. Тэдгээрийг зарим тохиолдолд тосгоны эрчүүд олноороо нийлэн худалдан авч, бэлгийн мөлжлөгт өртүүлдэг.
ХҮҮХДИЙН ЭД ЭРХТНИЙГ ЗАРЖ БОРЛУУЛДАГ УУ?
Хятадад жилд 70 мянга орчим хүүхэд сураггүй алга болдог. Дээр өгүүлсэнчлэн нэг хүүхдийн бодлоготой холбоотойгоор хөвгүүдийн хувьд эрсдэл өндөр байдаг гэнэ.
Гэвч өөр нэгэн сайтад мэдээлснээр Хятад улс эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоогоор Азидаа нэгдүгээрт ордог. Зөвхөн 2019 онд Хятадад 19,454 эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хятадад хүүхдийн эрхтэн шилжүүлэх мэс ажилбар хийх тоо өсөх болжээ. Үүнд зүрх, бөөр, элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг онцолж байна.
2022 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Вуханы нэгдсэн эмнэлэгт нэг өдөрт гурван хүүхдэд зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийсэн нь дэлхийд анх удаагийн тохиолдол байв. Донорууд нь Бээжин, Гуанжоу, Наннин мужуудаас "олджээ". Эх сурвалжийн мэдээлснээр тус эмнэлэг мэс засал хийхийн урд өдөр нь доноруудын талаарх мэдээллийг авчээ. Тайланд доноруудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй бөгөөд, донорууд ижил төстэй эсвэл ойролцоо цаг хугацаанд амиа алдсан байх магадлалтай ажээ.
Гэх мэтээр олон асуудал байдаг. Сураггүй болсныхоо дараа нь цогцос нь олдсон хүүхдийн биеэс зарим эд эрхтэн нь алга болсон байх тохиолдол ч гардаг байна.