/2023.4.3/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсролын салбарын төсвийн долоон жилийн зарлагын шинжилгээг 2021 онд хийж,
"Монгол Улсын боловсролын салбарын ахиц, дэвшлийн өнөөгийн хурдаар Тогтвортой хөгжлийн зорилтод ч, Алсын хараа 2050-д тусгасан зорилгод ч хүрэх эсэх нь эргэлзээтэй" гэдэг дүгнэлтийг хийсэн юм.
Ингээд "Төсвийн зарлагын хуваарилалтын хандлагаас харахад боловсролын салбар нь Монголын Засгийн газрын нэн тэргүүнд анхаарах салбарын тоонд багтдаг гэж шууд дүгнэх боломжгүй байна" гэж дүгнэсэн.
"Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл"-ээс "Тогтвортой хөгжлийн зорилго 4: Иргэний нийгмийн тодруулагч тайлан"-г танилцуулах үеэр дээрх дүгнэлтийг мөн дурьдсан юм.
Ийнхүү дүгнэх болсон шалтгаан нь, Монгол Улсын төсвийн зарцуулалт, түүнд эзлэх боловсролын салбарын зарцуулалттай холбоотой. Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлага өсөлттэй байсан он жилүүдэд боловсролын салбарын зарцуулалт маш бага өсөлттэй, харин төсөв тогтонги үед буурч, нэгдсэн төсөв огцом өссөн жилүүдэд бараг өсдөггүй байжээ.
Боловсролын салбарт зарцуулж буй төсвийн ДНБ-д эзэлж буй хувь 2012-2018 онуудад 5.2 хувиас 4.4% хувь хүртэл буурсан байна.
Улстөрчид Боловсролын зээлийн сангаа тоночихоод, дотооддоо боловсролоо сайжруулах байтал боловсролын хуулиас боловсролын салбарт улсын төсвийн 20 хувиас доошгүйг зарцуулж байх заалтыг авч хаячихаад "Зардлаа таная" гээд суудаг байх нь.
Ковидын үед зарим улс орон боловсролын салбарын зардлаа нэмж байхад манай улс харин ч танажээ. Цахим хичээлийн үеэр 178 мянга гаруй хүүхэд хичээлдээ хамрагдаж чадаагүй гэдгийг сайд Л.Энх-Амгалан хэлж байв. Харин НҮБ-ын Хүүхдийн сангаас "Дунджаар нийт сурагчдын 21 хувь нь ямар нэг шалтгаанаар теле хичээлээ огт үзээгүй" гэдэг дүгнэлтийг хийжээ.
Энэ бүхнээс үзвэл, боловсролын салбарын төсвийг улстөрчдийн мэдэлд орхих бус харин хуулиар хамгаалах ёстой гэдгийг "Тогтвортой хөгжлийн зорилго 4: Иргэний нийгмийн тодруулагч тайлан"-д тухайлан тусгажээ.
Боловсролын салбарт гарах өөрчлөлтийн үр дүн 10-15 жилийн хугацааны дараа гардаг гэдэг. Тэгвэл өнөөдөр ирээдүйгээсээ төсвөө харамласан бид нэг их удалгүй "хариугаа авах" нь ойлгомжтой аж.