Коронавирус туссан сурагчийг гадуурхахгүй гэх баталгаа бий юу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирус туссан сурагчийг гадуурхахгүй гэх баталгаа бий юу

/2021.09.02/ Энэ оны хичээлийн жил танхимаар эхлээд нэг хонож буй.

Ийнхүү хичээл орох үеэр нэг ангид зэрэгцэн суралцаж буй сурагчдад халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн хүүхдийг тусгаарлах журам гарсан.

Тусгаарлах өрөөнд орсон хүүхдийг нүдээр үзсэн сурагчид болон багш нар тухайн хүүхдийг алаг үзэж “БӨӨРӨЛХӨХ” юм биш байгаа. Ковидтой холбоотой хүний эрхийн олон зөрчил гаргасан гашуун туршлага манай улсад цөөнгүй бий.

Хамгийн сүүлд гэхэд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Түнэл сумдад халдвар авсан иргэдийн нэрсийг сошиал хуудсанд жагсаан бичиж, тэдгээр иргэдийн гэрээр очихгүй байхыг сумын удирдлагууд бичсэн зөрчил гарсан. Мөн өнгөрөгч хавар автобусанд зорчиж байсан халдвартай залууг автобуснаас хөөн гаргасан, орон нутагт халдвартай хүүхдээ гэрээсээ хөөсөн зэрэг олон хэрэг гарсан билээ.

Тиймээс халдвартай хүүхдийн эрхийг зөрчихгүй байх баталгаа байгаа эсэхийг бид сонирхлоо. Жишээ болгон хоёр сургуулийн үйл явцтай танилцсан юм.

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн эмчтэй ярилцаж тодрууллаа.

45 дугаар сургуулийн эмч н.Алтантовч:

-Халдварын шинж тэмдэг илэрсэн хүүхдийг “коронавирус” туссан байна гэж шуугиж хүүхдийн эрхэнд халдахгүй. Эхний ээлжинд манай сургуулийн зүгээс эмчийн өрөөнд түргэвчилсэн шинжилгээ авна, зовуурь байгаа эсэхийг нь ярилцаж тодруулна. Хэрэв үнэхээр сэжигтэй тохиолдол байх юм бол тусгаарлах өрөөнд оруулна.

Коронавирусыг хаанаас ч тусч болно.

Өнгөрсөн жил Монголчууд коронавируст хэт мэдрэг хандаж, халдвар туссан нэгнээ гадуурхах үзэгдэл гарсан. Он цаг өнгөрөхийн хирээр туссан энэхүү өвчнийг туссан хүн нас барах бус, эдгэрч болохыг дэлхий даяараа харж байна.

Тэр бүү хэл, дархлаа сайтай хүн халдвар тусахгүй байх ч тохиолдол олон бий.

Хэрвээ сурагч халдвар авбал түүнийг гадуурхахгүй байх зөвлөгөөг багш, эцэг эхчүүд, мөн сурагчдад аман болон текстээр хүргэж байгаа.

Өнөөдөр анги тус бүрээр явж сурагчдад энэ талаарх мэдээлэл өгөх гээд бэлдсэн. Зөвхөн дүүрэг, нийслэл, улсад түгсэн халдвар биш дэлхий даяар тархсан халдвар тул сурагчид маань нэгнээ ойлгож элдэв гадуурхал үүсэхгүй гэж үзэж байна.

Гэрийхэн нь халдвар авч ойрын хавьтал болсон сурагч бол онлайнаар хичээлээ судлах эрх бүрэн бий. Зургаа хоногийн дараа өрхийн эмнэлэг дээрээ шинжилгээ өгөөд сөрөг гэсэн бичгээ авч ирээд танхимын хичээлдээ сууж болно гэлээ.

12 дугаар сургуулийн эмч Х.Буянхишиг:

-Сурагчид сургуульдаа ирэхдээ нэг бүрчлэн халуунаа үзүүлж байгаа. Хэрвээ халуунтай бол сургууль руу оруулалгүй эцэг эхэд нь мэдэгдээд гэрт нь буцаадаг. Халдварын гурваас дээш шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тусгаарлах өрөөнд оруулна.

Энгийн үед сурагчид сургуулийн эмчид ханддаг. Эмчид хандлаа гээд халдвар авсан гэж зарлана гэх асуудал үүсэхгүй.

Хүн бүр коронавирусын талаар мэддэг болсон. Үүгээр хэн ч өвчилж болно. Гагцхүү халдвар авсан сурагчийг цаашдаа гадуурхахгүй байх зөвлөгөөг сурагчдад, анги удирдсан багш нарт, мөн эцэг эхчүүдэд фэйсбүүк группээр дамжуулан хүргэж байна.

Халдвар авсан сурагчийг сэтгэл санаагаар дэмжих, холбоотой байх, ялгаварлахгүй байлгах талаас нь сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа учраас гадуурхах асуудал гарахгүй.

Сургууль талаас дээрх арга хэмжээг авч, халдвар авсан сурагчийг аль болох гадуурхахгүй, сэтгэл санаагаар дэмжих талаар зөвлөгөөг сурагч, багш, эцэг эхчүүдэд өгч байгаагаа ийн хэллээ. "Одоо, халдвар авсан сурагчийг бөөрөлхөж болохгүй талаар эцэг эхчүүд хүүхдүүддээ учирлан хэлж, сурагчид ч гэсэн ухамсарлачихвал халдвартай холбоотой элдэв гадуурхал үүсэхгүй" гэв.

Дээрх хоёр жишиг сургуулиас бусад сургуулийн эмч, ажилтнууд жишээ авч, халдвартай хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх, бусад хүүхдүүдийн дунд зарлан мэдээлэхгүй байх зэргийг анхаарч ажиллахыг хүсье.

Нүүрс тээврийн экспортыг нэмэгдүүлэхэд орчин үеийн технологийг ашиглана
Нүүрс тээврийн экспортыг нэмэгдүүлэхэд орчин үеийн технологийг ашиглана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.