/2021.09.02/ Монголын Үндэсний Их сургуулийн нэртэй холбоотой маргаан даамжирсаар байна.
Өнөөдөр МҮИС-ийн зүгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд сайд Л.Энх-Амгаланг тус сургуулийн талаар хэлсэн гүтгэлэг үгсдээ уучлал гуйх шаардлага бүхий нэхэмжлэлийг хүргүүлснээ мэдэгдсэн.
Тэгвэл нөгөө талаас БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа тус сургуулиас уучлал гуйхгүй талаараа мэдээллээ.
Сайдын мэдээлэлд:
МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч.
Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Монгол Улс, үндэстнээс хууль бусаар "Үндэсний" хэмээх хүндтэй нэр ашигласан сургуулиас уучлалт гуйхгүй. Ямар ч тохиолдолд энэ сургууль үндэстэн байтугай дүүрэг ч төлөөлөх хэмжээний сургууль биш гэдгийг бид мэднэ.