Т.Төмөрбаатар: Эрүүл мэндийн мэдүүлэг хуудсаа цахимаар бөглөх нь олон талын ач холбогдолтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Төмөрбаатар: Эрүүл мэндийн мэдүүлэг хуудсаа цахимаар бөглөх нь олон талын ач холбогдолтой

/2023.03.27/: Хилээр иргэд нэвтрэхдээ эрүүл мэндийн мэдүүлэг хуудсаа цахимаар бөглөх нь олон талын ач холбогдолтой байна. Энэ талаар ГЕГ-ын Хорио цээрийн хяналтын гаалийн улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас тодрууллаа.

-Иргэд, зорчигчид хилээр орж, гарахдаа эрүүл мэндийн мэдүүлэг хуудсыг цахимаар бөглөх нь хугацаа хэмнэхээс гадна өөр ямар давуу талуудыг бий болгож байгаа вэ?

-Гаалийн байгууллагын хорио цээрийн хяналтыг цахимжуулах ажлууд 2022 оноос хийгдэж эхэлсэн. Үүний нэг нь зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг хуудсыг цахимжуулах ажил байв. Энэ хүрээнд УОК-ийн тухайн үеийн шийдвэр, Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасны “Зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг бөглүүлэх ажлыг эхлүүлсэн.

Уг мэдүүлгийн гол зорилго нь аливаа халдварт өвчин авсан эсэхийг эрт илрүүлэх, үүний дагуу шуурхай хариу арга хэмжээ авах юм.

Эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсыг цахимжуулж, аппликейшн болгосноор хилийн нэвтрэх хугацааг түргэсгэх, хурдан шуурхай үйлчлэх боломжийг нэмэгдүүлж өгсөн юм. Өнөөдрийн байдлаар ихэнх боомтууд дээр уг аппликейшныг туршилтаар хэрэглэж байна. Тухайн програмыг илүү хөгжүүлэх, боловсронгуй болгох тал дээр ажиллаж байгаа. Энэ зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлгийг БНХАУ, БНСУ болон бусад улс орнууд мөн зорчигчийнхоо эрүүл мэнд, аюулгүй байдлыг дэмжиж нэвтрүүлсэн байдаг.

Тухайн эрүүл мэндийн мэдүүлгийг бөглөхөд их хялбар бөгөөд зорчигчийн ерөнхий мэдээлэл, халдварт өвчний шинж тэмдэг бөглөх хэсэг, шинж тэмдэг илэрсэн эсэх, халуунын хэмжилт, ковидын вакцинжуулалтанд хамрагдсан байдал, вакцины төрөл, баталгаажуулах хэсэг зэргийг бөглөж баталгаажуулдаг.

Хил дээр ажиллаж буй эрүүл ахуй, халдвар хамгаалал хариуцсан гаалийн улсын байцаагч нар иргэд, зорчигчдод тухайн аппликейшныг хэрхэн татах, бөглөх, QR код үүсгэх зэрэг бүх талын мэдээлэл, зөвлөмжийг өгч байгаа.

Замын-Үүд боомтоор гарч орж ирж буй зорчигчид цахимаар бөглөөд бүр хэвшиж байна.

-Эрүүл мэндийн мэдүүлгийг цахимаар бөглөхөд иргэдийн зүгээс шүүмжлэл ирдэг үү?

-Зарим тохиолдолд зорчигчийн цаг хугацаанаас ч хамаардаг уу төвөгшөөх, интернэт гацах зэрэг асуудлаас үүдэж бөглөхгүй байх тохиолдол гардаг. Уг нь тухайн апликейшныг хэрэглээд сурчихвал дараа хилээр дахин нэвтрэхэд нь өмнөх бөглөсөн түүх нь хадгалагдсан байдаг учраас өөрт нь амар байдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу тухайн эрүүл мэндийн мэдүүлгийг зорчигч заавал бөглөсөн байх шаардлагатай. Уг мэдүүлгийн тусламжтайгаар бид олон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, яаралтай хариу арга хэмжээ авахад чухал ач холбогдолтой юм.

Заримдаа өндөр настан, хүүхэд, хараа болон сонсголын бэрхшээлтэй иргэд цаасан хэлбэрийн батлагдсан эрүүл мэндийн хуудас бөглөж болно. Хилийн эрүүл ахуй, халдвар хамгааллын байцаагч дараа нь тухайн цаасан хэлбэрээр бөглөсөн хуудсан дээрх мэдээллийг аппликейшн руу нөхөн оруулдаг.

Тус аппликейшинд гар утасны дугаараараа бүртгүүлэх бөгөөд Монгол, Англи, Хятад, Орос, Япон хэлээр сонгон татах боломжтой.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулиар зорчигчийн “Эрүүл мэндийн мэдүүлэг” хуудсыг хилээр нэвтрэх зорчигч бүр заавал, үнэн зөв бөглөх үүрэгтэй. Мөн гар утасны арр аа тогтмол update байхыг зөвлөж байна.

-Зарим иргэдийн зүгээс мэргэжлийн хяналтын хилийн асуудал хариуцсан байцаагч нар нь гаалийн байгууллагад нэгдсэнийг мэддэггүй. Тэгээд гаалийн байцаагч ямар олон төрлийн хяналт, шалгалт хийдэг болсон юм бэ гэж андуурах тохиолдол гардаг гэсэн. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газрын шийдвэрээр мэргэжлийн хяналтын хилийн хяналтын чиг үүргийг 2022 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн гаалийн байгууллагын чиг үүрэгтэй нэгтгэсэн. Өмнө нь хил дээр гааль, мэргэжлийн хяналт, хил хамгаалах, иргэний харьят гэсэн дөрвөн байгууллагууд ажилладаг байсан.

Засгийн газрын зүгээс хил дээрх хяналт, шалгалтыг давхардуулахгүй байх, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, худалдааг хөнгөвчлөх зорилгоор гаалийн байгууллагын харьяанд хилийн хяналтыг шилжүүлсэн гэж ойлгож болно. Ингэснээр худалдааг хөнгөвчлөх, иргэд, ААН-үүдэд хяналтын давхардлыг багасгах, хугацаа хэмнэх, хүнд суртал, чирэгдэлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Энэ хүрээнд мэргэжлийн хяналтын хилийн хяналтанд ажилладаг 504 хүн гаалийн байгууллага руу шилжин нэгдсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

Эх сурвалж: ГЕГ

Францын соёл, аялал жуулчлалын өдөрлөг боллоо
Францын соёл, аялал жуулчлалын өдөрлөг боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.