/2023.03.23/ Чуулганы хуралдааны үдээс хойших нэгдсэн хуралдаа үргэлжилж байна. Чуулганаар "2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан мөн Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт"-ийн талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2022 онд төлөвлөгөөгөө сайн биелүүлсэн 5 яам болон хамгийн муу биелүүлсэн 5 яамыг нэрлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайдаас хүслээ. Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Монгол Улсын хөгжлийг төлөвлөж, үүний дараагаар төсөвт суулгаж хэрэгжүүлдэг зарчмын өөрчлөлтийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хийж байгаа. Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдсанаас хойш анх удаа тайлангаа тавьж, хэлэлцэж байна. Жил бүр яамдыг жагсаадаг. Ингэхдээ олон бичиг цаас үйлдвэрлэснээр нь биш жилийн төлөвлөгөө, хийх ёстой ажлаа бодит болгосон эсэх, иргэдийн амьдрал, эдийн засаг дээшилсэн эсэхээр нь эрэмбэлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ.
Үүний хариуд Б.Энхбаяр гишүүн, "Хоёр тодорхой асуулт асуусан. Хариулт авсангүй. Асуултад хариулахгүй бол ЗГХЭГ-аас асууя. Хамгийн их болон бага үнэлгээ авсан тав, таван яамыг нэрлэж өгөөч. Мөн хариуцлага тооцно гэсэн нь Ерөнхий сайдын бодлого уу эсвэл Шадар сайдын бодлого уу" гэв.
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж:
-Таны ярьж буй асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Үүний дараагаар ЗГ-ын холбогдох хууль тогтоомжийн дагуу УИХ-д танилцуулагдана. Одоогоор энэ асуудал Засгийн газарт орж ирээгүй байгаа учир аль яам, ямар үнэлгээ авсныг хэлэх боломжгүй байна гэлээ.