/2023.03.22/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Шувуу ажиллагааны хүрээнд гадаад руу оргон зайлсан хүмүүсийн дансыг хаах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Өөрөөр хэлбэл, монголоос гадаад дахь данс руугаа мөнгө татаж авч буй үйлдлийг зогсоох юм. Мөрдөн байцаалтын шатнаас оргосон 18 хүн бий. Түүнчлэн бусад мөрдөн шалгах байгууллагуудад харьяалагдаж буй хэрэгтнүүдийг нэмбэл 100 гаруй хүнийг эрж хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөн эдгээр хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, бусад улсуудын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд руу хүргүүлэх үүрэг даалгаврыг өгсөн байгаа.
Гадаадад оргон зайлсан хүмүүсийг нутагт нь авчирч хэрэг хянан шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан практик манайд маш бага юм байна лээ. Цагдаагийн байгууллагаас гурван удаа л хэрэгжүүлж байсан. Үүний нэгийг нь та бүхэн санаж байгаа байх. ТЕГ-ын дарга асан Б.Хурц Европын холбооноос албадан хүн авчрахдаа тухайн орны хэд хэдэн хуулийг зөрчсөн үйлдэл гарсан. Тиймээс түүнийг ХБНГУ-д хорьж, ял эдлүүлж байсан. Ерөнхийдөө бидэнд гадаад улсад байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломж эрх зүйн хувьд хумигдмал байдаг. Тиймээс тэдгээр хүмүүсийн монголд ирүүлэхийн тулд дээрх арга хэмжээнүүдийг авахаас өөр аргагүй байна гэв.