/2023.3.17/ Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна.
Хууль зүйн байнгын хороо 16-ны өдөр энэ асуудлыг хэлэлцэж, 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн юм.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор Нээлттэй нийгэм форумын сэтгүүлийн гуравдугаар сарын 41 дэх дугаарт хуулийн шүүмжийг оруулсан байна. Тус шүүмжид дурьдсанаар:
"Олон нийтийн сүлжээний хууль, дагалдах хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд нь батлагдан хэрэгжих аваас иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болоод тайван жагсаал цуглаан хийх эрх зөрчигдөх эрсдэл үүсэхээр байна. Өргөн цар хүрээ хамрах категорит багтах цахим контентыг хориглохоор заасны зэрэгцээ олон нийтийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид хандсан зохицуулалт нь хэтийдсэн, хувийн нууц, нэрээ нууцлахтай холбоотой стандартуудыг зөрчсөн, төрийн байгууллагад контентыг цагдан хянаж, харилцаа холбооны сүлжээг хязгаарлах (тухайлбал, интернетийн хурдыг сааруулах буюу зогсоох асуудал багтана) эрх олгосон байна" гэжээ.
Хуулийн 6 дугаар зүйлд зөрчилтэй контентын олон хэлбэрийг тусгасны дотор “Монгол Улсын төрийн бэлгэ, тэмдгийг гутаан доромжилсон”, “хүүхдийн бие махбод, оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц дарамт үзүүлсэн, уриалсан, сурталчилсан”, “экстремист үйл ажиллагаа”, “үндэсний эв нэгдлийг бусниулах” гэх мэтчилэн заажээ.
Ийнхүү тоочихдоо “экстремист үйл ажиллагаа” гэж юуг хэлэх, чухам юуг “үндэсний эв нэгдлийг бусниулах” гэж ойлгох талаар тодорхой тусгаагүй байна. Хүүхдийг хамгаалах нь чухал асуудал боловч чухам юуг “хүүхдийн оюун санаанд сөргөөр нөлөөлөхүйц” зүйл сурталчилж байна гэж үзэх нь ойлгомжгүй. Жишээ нь: видео тоглоом сурталчлахыг тооцох уу?
Түүнчлэн, улсын гадаад худалдааны бодлогыг шүүмжилсэн пост Фейсбүүкт нийтэлснийг аль нэг албан тушаалтан “үндэсний эв нэгдлийг бусниулах” агуулга гэж үзэж болохын зэрэгцээ байгаль орчныг хамгаалах асуудлаар Твиттерт жиргэснийг “экстремист үйл ажиллагаа” ч гэж тайлбарлах бололцоотой.
Сэтгүүлийн эхтэй танилцахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.