/2023.03.10/: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй Монгол Улсын төлөөлөл Канадын Торонто хотноо 5 дахь өдрөө ажиллаж байна.
Чуулганы сүүлийн өдрүүдэд томилолтын баг манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн Канад, АНУ-ын хөрөнгө оруулалтын сангууд, банкууд, хөрөнгө оруулагчдыг урьж, зангиагүй өглөөний уулзалтыг зохион байгууллаа.
Гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсын геологийн тогтоц, ашигт малтмалын нөөц, бололцоог ихээхэн сонирхож, хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгаад таатай байгаагаа илэрхийлснээс гадна манай улсын хүнд суртал, бодлого, хууль эрх зүйн тогтворгүй, ойлгомжгүй, хөрөнгө оруулалтад халтай тогтолцоонд шүүмжлэлтэй хандаж байв.
Уулзалтын үеэр салбарын сайд хөрөнгө оруулагчдад уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломж, давуу тал, хөрөнгө оруулагчдад тулгарч байсан бэрхшээлүүдийг шийдвэрлэж буй талаар, мөн салбарын дэд бүтцийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж буйг танилцуулж, Монгол улсад хөрөнгө оруулахыг урилаа.
Эх сурвалж: УУХҮЯ