/2023.03.10/: Уг чуулган Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулж ба хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үзүүлж буй дэмжлэг, бусад туслалцааг иргэдэд танилцуулах зорилгоор зохион байгуулж байна.
Түүнчлэн шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэл өгөх, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцох, орон нутаг дахь хүний эрхийн асуудлыг хөндөх, шилжих хөдөлгөөнд залуусын оролцоог хангах, иргэдийн санал бодлыг сонсох, төр, иргэн, хувийн хэвшилтэй хамтран хэлэлцэх юм.
”Хөдөөгийн сэргэлт” чуулганд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Дэд сайд нар болон холбогдох эрх бүхий албан хаагчид, Төрийн болон Төрийн бус байгууллагууд, 21 аймгийн удирдлагын баг, олон улсын байгууллагын төлөөлөл,хэвлэл мэдээллийн байгууллагууд болон орон нутгийн 1000 гаруй төлөөлөгч оролцож байна.
Тус чуулганыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Шилжилтийн хөдөлгөөний байгууллага, Швейцарын хамтын ажиллагааны байгууллага, Швейцарын хөгжлийн Хөгжлийн агентлаг, МХАҮТ, Жайка Монгол, МЗХ-оос хамтран зохион байгуулж байна.
Чуулган дараах сэдвийн хүрээнд өрнөх юм.
- МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ”Хот хөдөөгийн сэргэлт” илтгэл
- Шадар Сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн Сайд Ч.Хүрэлтбаатар “Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”,
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Засгийн газраас гаргаж буй бодлого, шийдвэрүүд”,
- Сангийн Сайд Б.Жавхлан “Төвлөрлийг сааруулах хүрээнд Засгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр олгогдох дэмжлэгүүд”,
- НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын үндэсний хөтөлбөрийн ажилтан Ю.Оюунхишиг “Монгол дахь дотоод шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь”,
- Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Хөдөөд тавтай морил” сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгөх юм.
Чуулган үдээс хойш “Бүсийн хөгжил-хамтын ажиллагаа”, “Шилжилт хөдөлгөөн ба залуусын манлайлал”, TEDx - Улаанбаатар” , “FUCKUP NIGHT” гэх мэт арга хэмжээнүүд болох юм.