/2023.03.06/: Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Оросын арми Украины Запорожье хотын орон сууц руу пуужин харваснаас одоогийн байдлаар 13 хүн амиа алдаад байна.
Запорожье хотын зөвлөл даваа гарагийг гашуудлын өдөр болгон зарлалаа гэж тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Анатолий Куртиев мэдэгдлээ.
"Энэ бол бүх Запорожжийн хувьд маш их уй гашуу юм. Тиймээс маргаашийг манай хотод гашуудлын өдөр болгон зарласан. Гуравдугаар сарын тэр эмгэнэлт шөнө амьдрал нь мөнхөд таслагдсан хүн бүрийн нандин дурсамжийг хамтдаа хүндэтгэцгээе” гэж Куртиев өчигдөр Telegram хуудсандаа бичжээ.
Пүрэв гарагт болсон дайралтаас хойш Улсын онцгой байдлын аврагчид дөрвөн өдрийн турш амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагаа явуулж байна.
Пүрэв гарагийн үүрээр есөн хүнийг, түүний дотор нэг жирэмсэн эмэгтэйг нурангин доороос аварсан гэж Улсын Онцгой байдлын албанаас мэдээллээ. Өөр таван хүн сураггүй алга болсон гэж Куртиев хэлэв.
Тэрээр “Бараг дөрөв хоног өдөр, шөнөгүй, завсарлагагүй нурангийг цэвэрлэж байгаа Онцгой байдлын албаны аврагчиддаа бас талархал илэрхийлье. Тэд бол бидний баатрууд. Бид тэдний өмнө бөхийж байна” гэжээ.
Эх сурвалж: CNN