/2023.03.03/: Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Зөвлөгөөний үеэр УБЗАА-ны холбогдох хэлтсүүд нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлуудаа танилцуулсан юм.
Тухайлбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар хоёрдугаар сарын 17-нд “Хоггүй шинэлье” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан. Их цэвэрлэгээнд нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд, инженер хангамж, тохижилт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 13645 аж ахуй нэгжийн 24310 хүн оролцсон юм. Ийнхүү нийтийн эзэмшлийн 513,828 ам метр талбайн 888.1 тонн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэсэн байна.
НИТХ-ын тогтоолоор баталсан Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журамд "энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх шөнийн хуваарьтай байна" гэж заасан байдаг. Уг заалтын дагуу зургаан дүүргийн хэмжээнд зориулалтын 31 машин шөнийн цагаар хог тээвэрлэж байна. Цаашид өглөө, өдрийн цагаар авто замын түгжрэл, төвлөрөл үүсдэг байршлуудад шөнийн ээлжийн хог тээвэрлэлтийн машиныг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг албаныхан онцолж байлаа.
Эх сурвалж: НЗДТГ