/2023.03.03/: Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар тус улсад хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода-тай албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгч, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө байгаагаа тодотгож байв.
Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөлөөллөөс үүдэн зогсонги байсан хоёр талын иргэд хоорондын харилцаа сэргэж буйтай зэрэгцэн парламент хоорондын харилцааг бататгах энэхүү албан ёсны айлчлал зохион байгуулагдаж буйд туйлын баяртай байна гэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оюун санаа, соёл, ардчиллын үнэт зүйлсээр холбогдсон “гуравдагч хөрш” Япон Улстай бүхий л талаар харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал анхаарал хандуулан ажиллахаа тэмдэглэж, цаашид эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Япон Улсын хөрөнгө оруулалт, технологи, ноу-хауг нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж: УИХ