/2023.03.03/: АНУ-ын хоёр иргэнийг АНУ-ын нисэхийн технологийг Орос руу илгээсэн хэргээр өчигдөр Канзас-Ситид баривчилсан тухай АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдлээ.
59 настай Сирил Грегори Буяновский, 55 настай Дуглас Робертсон нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр хяналтад байгаа бараа бүтээгдэхүүн экспортолсон, экспортын цахим мэдээллийг хуурамчаар үйлдэж, бүрдүүлээгүй, АНУ-ын хууль тогтоомжийг зөрчиж хууль бусаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлсэн зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгаж байгаа юм.
Энэ хоёр хүний эзэмшлийн АНУ-д төвтэй KanRus Trading компани нь Оросын компаниудад барууны электрон тоног төхөөрөмжийг зарж, Оросын нисэх онгоцнуудад засвар үйлчилгээ үзүүлсэн гэж прокурор мэдэгджээ. Прокурорууд АНУ-ын хориг арга хэмжээг тойрон гарахын тулд Буяновский, Робертсон нар үйлчлүүлэгчдээ хэн болохыг нуун дарагдуулсан, бүтээгдэхүүний үнийг худал хэлж, гадаадын банкны дансаар дамжуулан мөнгө төлсөн гэж үзэж байна.
Өнгөрсөн жил ОХУ-аас Украинд дайн эхлүүлсний дараа АНУ-ын Засгийн газар Орос руу илгээх бараа бүтээгдэхүүнд нэмэлт хориг арга хэмжээ авсан. Буяновский, Робертсон нар Орос дахь үйлчлүүлэгч рүүгээ тээвэрлэлтийг хийхийн тулд гуравдагч улсаар дамжуулан илгээмж илгээх гэж байсан аж.
Эх сурвалж: CNN