/2023.03.01/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнг танилцууллаа.
Тэрээр:
-Ерөнхий сайдын зүгээс Монгол Улсын иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцлөөр виз олгодог болгох хүсэлт тавьсан. Түүнчлэн визгүй болгох эрх зүйн орчныг бүрдүүлж өгч, хамтран ажиллахыг хүссэн.
2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан байгаа. Энэ хүрээнд 30 гаруй улсын иргэдийг монголд визгүй зорчдог байх нөхцлөөр хангасан. Үүнтэй адилаар бид одоо Солонгос улсаас эхлэн манай улсын иргэдийг визгүй зорчуулах саналыг тавьж эхэлж байна. Цаашид бид бусад улс оронд энэхүү саналыг тавьж ажиллана.
Манай тавьсан саналын дагуу БНСУ-ын Ерөнхийлөгч холбогдох албан тушаалтнууддаа үүрэг чиглэл өгсөн. Энэ ажил нэлээд эрчимтэй явж байна. Энэ хүрээнд БНСУ-ын Хууль зүйн сайд болон холбогдох хүмүүс гуравдугаар сард манай улсад айлчлахаар боллоо. Айлчлалын үеэрээ Монгол Улсын нөхцөл байдлыг судалж, визгүй болгох боломжтой эсэхийг тандан судлахаар болсон гэв.